Улс төрийн тэнгэрт үүл хуралдаж эхлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 23

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН-тай байгуулсан гэрээгээ эргэж ярихаар болсон. Хамтарсан Засгийн газар байгуулах, хамтарч ажиллах гэрээний заалтуудаас ганцхан нь хэрэгжсэн байна” гэж хэлжээ.  

Бүлгийн даргын энэ үг улс төрийн өрнөлийн урьдач байх магадлал тун их. Гэхдээ энэ бол хуучин сценари. Хэн хэнийх нь  мах цусанд байдаг хэдийд ч сэдэрч мэдэх ааш араншин. Нэг ийм сэдэл хөллөж, улс төрийн тэнгэрт үүл хуралдаад эхлэхээрээ эвссэн хоёр нам ирсэн жимээрээ дуугаа дуулаад буцдаг.  “МАН-тай байгуулсан гэрээгээ эргэж ярина” гэдэг бол гэрээгээ цуцлах тухай л сануулга, өөр юу ч биш байх. Хэрэв анзаарсан бол сүүлийн үед энэ хоёр намынхан эгцэлж сууснаа эргэж хараад бие биеэ буруутгах болсон. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бут авсан мэдээлэл хийв. МАН-ын бүлэг “Чингис бондоос идэж ууснаа Эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах гэлээ” хэмээн хамтрагчаа буруутгасан.

Ийм эв түнжингүй хүмүүс Засагт байтугай задгай газар ч багтаж шингэх үү гэж эргэлзмээр харагддаг.  Далд даамгай бугшиж байсан идээ бээр түрүүчээсээ задарч эхлэхийн дохио нийгэмд ингэж ирж байх шиг.

Засгаа тогтвортой байлгах нь хамтрах гол шалтгаан байсан. Ялгаа байхгүй ял, гавьяа хоёроо адилхан л АН дангаараа үүрнэ. Засагт хамтарсных нь төлөө иргэд МАН-д илүү оноо өгөхгүй. Энэ бол ойлгомжтой асуудал.  

 

АН-ын хувьд хэзээнээсээ найдваргүй хамтрагч шүү дээ. С.Батболдын Засгийн үед гэв гэнэтхэн л Засгаа орхиод явцгаасан. Гэхдээ энэ нь тухайн үедээ зөв тооцоо байсан нь сонгуулийн үр дүнгээр нотлогдсон. Өмнөх ийм шийдвэрийнх нь амт шимт, туршлага одоо ч бас амтагддаг байхыг үгүйсгэхгүй. АН-ын хувьд Засгаа тогтвортой байлгах нь хамтрах гол шалтгаан байсан.  Тэгснээс тэд ялгаа байхгүй ял, гавьяа хоёроо адилхан л дангаараа үүрнэ. Засагт хамтарсных нь төлөө иргэд МАН-д илүү оноо өгөхгүй. Энэ бол ойлгомжтой асуудал.  Хамтарлаа гээд хийж гийгүүлсэн  ажил юу ч байхгүй. Тус хоёр нам анх Засагт хамтрахдаа 20 гаруй асуудлаар хэлэлцэж, тохиролцсон гэдэг. Гэтэл хамтрах гэрээний заалтуудаас  ердөө ганцхан нь хэрэгжсэн гэж байна. Өвөр түрийндээ орж, албан тушаалаар инж солилцоод ирэхээр улс орны  ажил урагшилж байсан түүх манайд лав үгүй.

Хамтарснаар нийгэм хожил хонжоо гаргаж чадсангүй. Хожсон нь МАН л байх, хэдэн хүнээ ажилтай, эрх биш эрх мэдэлтэй болгож, бялуу амтлуулчихлаа. Харин нөгөө талд нь сөрөг хүчингүй болж, улс төрийн дархлаа алдагдаад байна.

МАН-ынхан 2015 оныг хамтрах гэрээгээ эргэж харна гэсэн хатуу сануулгатай эхэлж байв.  Аливаа улс төрийн шийдлийг Засгаас  гарах сүрдүүлгээр  айлгаж байж ар талд нь гарах эрмэлзэл  тэднээс үнэртэх болсон. Тодруулбал,  “Өр нэмбэл МАН Засгаас гарна” гэсэн  хатуу шахалтын дор төсөв төлөвлөгөө яригдаж байв. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ч.Сайханбилэг гарын  үсэг зурж, засаг байгуулсан зүйлээсээ ухарвал МАН засгаас гарахаас өөр гарцгүй байдалд орно"  гэж нэгэнтээ сануулж байв.

АН-ын хувьд амлалтаа биелүүлэх цаг хугацааны хавчигдмал байдалд орчихоод байна. Хэрэв  дотоод зөрчлөө давж, эргэлтийн шинжтэй эдийн засгийн томоохон шийдлийг хийж чадвал алдсан оноогоо эргүүлэх авах боломж бас бий. 

 

Засагт  хамтарсан намууд  Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөг  боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Хэлсэн ярьснаасаа буцлаа, АН хэзээнээсээ засаг барьж чаддаггүй”  гэж хамтрагчаа буруутгаж,  бас л Засгаас гарна хэмээн айлгаж байв. Тэрчлэн энэ намын гишүүдийн дунд “АН алдаа оноогоо үүрснээрээ үүрэх ёстой, Н.Алтанхуягийн шавхрууг долоох хэрэггүй байсан” гэсэн санал бодол, шүүмжлэл анхнаасаа л яригдсаар ирсэн билээ.

Харин одоо байдал арай өөрөөр эргэж байна.  МАН-ын айлгадаг үе өнгөрч,  АН-ын ээлж ирж байна. МАН-ын бүлэг хоёр ч хуулийн төсөл дээр дараалан тав таван хоногийн завсарлага авсан нь  УИХ-ын хаврын чуулган өндөрлөх дөхөж байгаа энэ үед цаг хугацааны хувьд хүнд гарз болно.   Үүнд дургүйцсэн УИХ-ын дарга “МАН-ынхныг ажилд саад тээг боллоо” хэмээн анхааруулж байсан билээ.  АН-ын дэд дарга Ш.Түвдэндорж мөн тэдэнд хандан “Хамтарсан шиг хамтрах хэрэгтэй. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр нэгнийгээ ажил хийх гэхэд нь саад больдогоо болих хэрэгтэй” хэрэгтэй гэсэн хатуухан сануулгыг  тэдэнд хаягласан. УИХ дахь АН-ын бүлгийн дарга  Б.Гарамгайбаатар МАН хамтарч чадахгүй бол Засгаас гарах хэрэгтэйг ч сануулж байв. Энэ бүхэн салхи эргэж байгаагийн сануулга. Өөрөөр хэлбэл улс төр дэх орон зайн “эзэн” сэтгэлгээ эргэн  ирж, АН-ынхан айдаг бус айлгадаг болж байгаагийн илэрхийлэл энэ. Уг нь тэд анхнаасаа л “юмны эзэн, сумын занги” хэвээр байх  байсан юм.

2016 оны сонгууль хаяанд ирчихсэн, АН-ын хувьд амлалтаа биелүүлэх цаг хугацааны хавчигдмал байдалд орчихоод байна. Хэрэв одоо  дотоод зөрчлөө давж, эргэлтийн шинжтэй эдийн засгийн томоохон шийдлийг хийж чадвал алдсан оноогоо эргүүлэн татах боломж бас бий. Эс тэгвээс ирэх сонгуульд тэдний төлөө “За” гэж хэлэх хүн цөөрсөөр байгааг судалгаа харуулж буй. Тэгээд ч гай гавьяа хоёроо дангаараа үүрэх нь энэ намын хувьд илүү өлзийтэй байж мэдэх л юм.

 П.Булган

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(78.250.195.59) 2015 оны 06 сарын 24

Өмнөх шиг яг ижил зарчимаар сонгууль явагдах yuм бол улс төрд байгаа булхайтай нөхөд дахиад сонгогдох болно дахиад улс орноо зарах ажилаа үргэлжлүүлэх болно үүнийг өөрчлөхгүй бол Монгол улс газар шороо бүгд гадны харийнх болно дахиж тийм зүйл давтуулахгүй байя

0  |  0
Лундаа(103.26.195.227) 2015 оны 06 сарын 23

АН-н бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж, Монголын ард түмэн, Монгол төрд ямар гавъяа байгуулчихаад ийм том дуугарч байгаа юм болдоо... Харин ч эсрэгээр идэж уух болоиж хомсдсондоо бачуурч ингэж дуугарав уу ?

0  |  0
Top