У.Хүрэлсүх: Бүсийн хэмжээнд гамшгийн үед хариу арга хэмжээ авах системийг боловсронгуй болгох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 24

Зүүн азийн орнуудын Улаан загалмай нийгэмлэгүүдийн удирдагчдын  ээлжит уулзалт энэ удаа  Улаанбаатар хотод эхэллээ. Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэйгээр жил бүр  бүсийн аль нэг оронд  зохион байгуулагддаг уламжлалтай.  Өнгөрсөн жилийн уулзалт  Бээжин хотод болсон юм.

Зүүн азийн бүс нутагт  Япон, БНСУ, БНАСАУ,  БНХАУ болон Монгол  Улсын  загалмай нийгэмлэгүүд багтдаг. Уулзалтад, БНСУ-ын үндэсний нийгэмлэгүүдийн Ерөнхийлөгчид, Япон, БНХАУ, БНАСАУ-ын үндэсний нийгэмлэгийн  дэд Ерөнхийлөгчид  оролцож байна.  Мөн  Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази номхон далайн бүсийн дарга, зүүн бүсийн дарга болон төлөөлөгчид, Олон улсын Улаан загалмай хорооны Зүүн бүсийн төвийн дарга, төлөөлөгчид тус тус оролцож байна.

Энэ удаагийн уулзалт "Олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд бүс нутгийн хамтын ажиллагаа, инновацийг сайжруулах" гэсэн  сэдвийн дор болж байгаа бөгөөд  бүс нутгийн хамтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд  чиглэв.

Уулзалтад  Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцлоо.  Тэрбээр, гамшиг, осол, хүчирхийлэл, мөргөлдөөний үед хүний амь насыг авран хамгаалах, зовлон бэрхшээлийг нимгэлэх, нөхөн сэргээх зэрэг хүмүүнлэгийн үйл ажиллагааг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөн онцгой үүрэг хүлээж ирснийг онцолсон. Зүүн Азийн бүс нутгуудад тохиолдож буй гамшгийн төрөл давтамж нэмэгдэж буй учраас бүсийн хэмжээнд гамшгийн үед хариу арга хэмжээ авах системийг буй болгож, чимээгүй гамшгийн үед ажиллах багийг бэлтгэх, чадавхжуулах шаардлагатай гэв. Өнгөрсөн 3 дугаар сард Японы Сэндай хотод болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах” дэлхийн бага хурлын баримт бичигт тусгасан 5 чиглэлийг танилцууллаа. Мөн бүсийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө  оруулалт зэрэг бүхий л нөхцөлөөр нэмэгдүүлэхэд энэхүү уулзалт чухал ач холбогдолтой гэж үзлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(202.21.106.109) 2015 оны 06 сарын 26

яасан хятадаар илтгэл тавьсан уу?

0  |  0
Top