Юм, юм шүгэлсэн Төрийн ордоон гэж

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 26

Монгол төрийн их өргөө болсон Төрийн ордон нэрнээсээ л их бараан. Саарал ордон гэж.

Саарал ордны буурал санаатнуудын харгайгаар Төрийн ордонд болохгүй, бүтэхгүй бүхэн болж, ёстой нэг юм, юм шүгэлжээ. Энэ бүхнээрээ том бизнес яригддаг л болохоос хар захаас ялгагдахгүй болжээ, Төрийн ордон.

Төрийн ордонд худлаа ярина, хулгай хийх энүүхэнд. Төрийн ордноор орж, гарч буй бүхнийг сэхээтэн, сэтгэлтэй нэгэн гэж боддог цаг ард үлджээ. Тусгай хамгаалалттай Төрийн ордонд худлаа ярьж, хулгай хийж, авлига авч, архидаж, зодолдож, бусдыг луйвардаж, тагнаж, гомдоож, хэл амаар доромжилж, занчиж, харааж, нулимсыг нь барж, тэсрэх бөмбөг тавьж, гал нээхээс гадна гадна бусдад томорч, бэлгийн дарамт учруулж бүр зочид буудал аятай секс хүртэл хийнэ.

Шоуны цэнгээний өргөө аятай тоглолт, үзүүлбэр хүртэл болно. Арай тэдгээр тоглолт, үзүүлбэрүүдээс байраа ашиглуулсны түрээс авдаггүй л байлтай. Бас ийм хэмжээний мөнгөөр нүүрээ худалдах хэмжээнд хүртэл доошоо ороогүй л байлтай Төрийн ордон минь. Саяхан л гэхэд Төрийн ордонд гал гарсан. Тусгай хамгаалалттай, Монгол Улсын онцгой обьектоо хянаж чадахгүй байж юун Богд уулын түймэр, Юун алс хол байгаа аймгийн ууланд гарсан түймэр. Монгол төрийн ордон хүн бүхний хүндэлдэг, биширдэг, айдаг өргөө байх учиртай. Харсан хүн болгон бөхийдөггүй юм аа гэхэд нөгөө аюутугай, биширтүгэй байдлыг дотроо бодож явах учиртай.

Азийн Бруней хэмээх байгалийн баялгаар баян жижиг улсад Ерөнхийлөгч нь жилдээ нэг удаа ард иргэдээ Төрийн ордондоо залж, идээ будаагаар дайлдаг. Монголд Төрийн ордон хүүхэд, багачууд, хөгшид буурлын Аз жаргалын өргөө байхад л залуус бидний сэтгэл ханана. Яагаад заавал Төрийн ордон сааралтах ёстой юм. Ядаж л АНУ-д Цагаан ордон, Өмнөд Солонгост Хөх ордон гэдэг. Гэхдээ эдгээр орднууд нэрнээсээ биш тэндээс гарч буй зарлиг, захирамжаараа ард иргэдээс хүндлэл хүлээдэг.

Хэдэн жилийн өмнө Төрийн ордонд Ёслол хүндэтгэлийн өргөтгөл нэмэхэд тэнд ажиллаж байсан гагнуурчид Ёслол хүндэтгэлийн өргөө барьж буй газарт чөтгөр шүглэсэн тухай чиг жуг хийж байсан юм даг. Шинэ өргөөний зүүн талын урд талын нэгэн баганыг хэчнээн ч гагнасан салаад байсанд гайхсан тэдэнд хэн нэгэн хуучны юм мэддэг хүн наадах чинь сүнстэй газар гэж хэлсэн аж. Гэхдээ техник, технологи ялдаг өнөө үед олон талаас нь шавж байгаад тэр баганыг нэг тогтоосон юм даг.

Ямартай ч, Төрийн ордон хэзээнээс юм бүү мэд юм, юм шүгэлсэн ёрын газар болжээ. Магадгүй биеэ засаад гэрээ засаагүй бүлт үсэрч, том ярьдаг нөхдүүдийн муу бүхэн шингэсэн болохоор Төрийн ордон минь өдөрт өдөрт сааралтсаар байгаа буй заа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Engiin ard(202.70.46.206) 2015 оны 06 сарын 29

Magadgyi.Tend ard irgediin toloo bish ali bolohgyi zyil hiigddeg biz dee. Uls eh or iihoo baigaag harahad.

0  |  0
Top