Хятадын нүүрсний нөөц ба хэрэглээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 29

Монголын нүүрсний гол хэрэглэгч нь Хятад улс. Ганц Монгол төдийгүй Вьетнам, Австралийн нүүрсийг шингээх  чадвартай бэлээхэн зах зээл нь  манай урд хөрш болоод байна. Хаяандаа ийм том зах зээлтэй байна гэдэг далайд гарцгүй манай орны хувьд нэг талаасаа том боломж. Гэхдээ  зөв бодллого стратеги хэрэгтэй.

Хятад нүүрсгүйдээ манай нүүрсэнд  нүдээ ухаж өгөхөөс буцахгүй байна гэж ойлговол бас тийм биш. Тэд  ОХУ, АНУ-ын дараа дэлхийд гуравдугаарт эрэмблэгдэх их нүүрсний орд газартай. Хамгийн ойрын жишээ гэвэл Өвөр Монголын нутагт Шинхуа  группийн олборлож байгаа  уурхайн төслийн тогтоогдсон нөөц 20 тэрбум тонн нүүрстэй байх жишээний. Ер нь Хятадын хойт нутаг нүүрсний асар их нөөцтэй.

Хятад улсад нийт дүнгээрээ маш сайн чанарын 62 тэрбум тонн нүүрсний тогтоогдсон  нөөц бий. Мөн үүнээс гадна 50 гаруй тэрбум тонн сайн чанарын хүрэн нүүрсний орд газартай.  Гэхдээ энэ тоо баримт хэдэн жилийн  өмнөх болохоор нөөцийн хэмжээ нэмэгдсэн байх магадлалтай. Ийн айлаас асуухааргүй авдрандаа их нөөцтэй байж яахараа Монголын нүүрсэнд  шунадаг билээ гэх байх. Хэдийгээр урд хөршийнхэн маань ийм бэлээхэн нөөцтэй ч хэрэглээ  маш өндөр. Хязгааргүй хэрэглээг хязгаарлагдмал нөөцөөр хангана гэдэг нь өөрөө том асуудал, том бодлого.

Улам бүр хомсдож байгаа ашигт малтмал нь хурааж хумьсан валютыг бодвол ханшийн өөрчлөлтөд ширвэгдээд байхгүй сайн талтай. Удах тусмаа л чулуу болно. Ер нь хязгаарлагдмал нөөцтэй баялгийн үнэ ханш байнга өсч байдаг жамтай.
Нөгөө талаасаа байгалийн нөхөн сэргээгдэхгүй баялаг бол газарт дараастай байгаа валют. Тиймээс улс орныхоо санхүүгийн нөөцийн нэг хэсгийг ашигт малтмалаар бүрдүүлж нөөцлөх хандлага дэлхийн нийтэд нилээд түгээмэл байна. Тухайлбал АНУ газар доорхи цөмийн туршилтаас үүссэн  асар том резеревтээ нефть хадгалдаг бол Хятадууд  ашиглаж дууссан уурхайнхаа хонгилд  нүүрс нөөцөлдөг тухай чих дэлсэж байсан юм даг.

Улам бүр хомсдож байгаа ашигт малтмал нь  хурааж хумьсан  валютыг бодвол ханшийн өөрчлөлтөд ширвэгдээд байхгүй сайн талтай. Удах тусмаа л чулуу болно.  Ер нь хязгаарлагдмал нөөцтэй баялгийн үнэ ханш байнга өсч байдаг жамтай.  Гэхдээ тухайн цаг үеийн эрэлт хэрэглээ, зах зээлийн араншингаас хамаарсан үнийн бууралт бол байдаг л зүйл. Нүүрсний үнэ одоогоор яг ийм цикл дээрээ байна.

Хятад эдүгээ нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа.  Тус улсын эрчим хүчний үйлдвэрлэл нь үндсэндээ нүүрсний хэрэглээн дээр тулгуурладаг. Жилд 2,05 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдгээс 68,7 хувийг нь  нүүрснээс гарган  авдаг. Дэлхийн тогтоогдсон нүүрсний нөөцийн 13 орчим хувийг Хятад дангаараа хэрэглэж байгаа одоогийн энэ түвшин нь нөөцийн хомсдлыг үүсгэж болзошгүй талаар олон улсын түвшинд маргаан үе үе өрнөх нь бий. Дашрамд дурдахад өнөөгийн хэрэглээгээр дэлхийн нүүрсний нөөцийг 200-210 жил хүрэлцэнэ гэж үзэж байгаа аж. Гэхдээ дэлхий нийтээрээ нүүрсний хэрэглээнээс аль болох татгалзах бодлого баримталж байна. Энэ нь нүүрс үнэгүйдэнэ гэсэн үг бас биш. Нүүрс бол өөрөө химийн чухал түүхий эд гэдгийг санах хэрэгтэй.

2010 оны байдлаар гэхэд л Хятадын жилийн нүүрсний хэрэглээ 3.2 тэрбум тонн болж байсан бөгөөд харин сүүлийн жилүүдэд өсөлтийн хувь нь ялимгүй удааширалттай байна. Үндсэндээ тус орны нүүрсний хэрэглээ 1980 оноос 500 хувь өссөн бөгөөд энэ нь дэлхийн хэрэглээний бараг тэн хагаст дөхөж буй  юм. Хятадын эрчим хүчний бодлого тодорхойлогчид  энэ хэрэглээг жилд 3,8 тэрбум тонноос хэтрүүлэхгүй байхаар тооцож байгаа юм.

Сүүлийн жилүүдэд энэ улсын нүүрсний аж үйлдвэр дэх хөрөнгө оруулалт жилд 50 орчим хувь нэмэгдэж байгаа нь энэ салбарын эрчимтэй хөгжлийг гэрчилнэ.

Ийм их хэрэглээг дан ганц дотоодын эх үүсвэрээр хангах нь тэдний хувьд стратегийн бодлогоос хол зөрнө. Тийм учраас энэ  алтан бороо шиг хэрэглээний  багагүй хэсгийг импортоор хангах сонирхол тэдний эрх ашигт нийцнэ. Тус улсын импортын хэрэгцээг хангагч нь Австрали, Монгол, Вьетнам улс. Тухайлбал  Австрали  хэдэн жилийн өмнө  жилдээ 4.5 сая тонн,  Вьетнам 24.6 сая тонн нүүрсийг Хятадад экспортолжээ. Ер нь тус улс жилдээ хамгийн багадаа гэхэд 25 сая тонноос багагүй нүүрсийг импортолдог. 

Хятадын энэ хэмжээ хязгааргүй хэрэглээ нь олон улсын болоод Даян дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгууллагын эсэргүүцэлтэй тулгардаг. Шинэ зууны эхээр дэлхийн хэмжээгээр агаар мандалд хаяж байгаа  нүүрстөрөгчийн 10 хувийг Хятад улс дангаараа ялгаруулж байсан бол энэ үзүүлэлт гурван жилдийн дараа 14 хувь болж өссөн байдаг. Гэвч Киотогийн протокол ёсоор 2012 онд агаарт ялгаруулж байгаа нүүрс хүчлийн хэмжээг 483 сая тонноор багасгах учиртай байсан юм. Гэтэл тус улсын ялгаруулж буй СО2-ын хэмжээ  1.92 тэрбум тонн буюу мөнөөх төлөвлөж буй бууралтаас даруй 4 дахин их болчихоод байгаа юм. Түүнээс гадна Хятадын уурхайнууд аюулгүй байдлын наад захын хэм хэмжээг мөрддөггүйгээс аваар осол байнга гарч байдаг. Зөвхөн 2008 онд гэхэд л  3000 орчим уурхайчин амь насаа алдсан байх жишээний. Иймээс агаар мандлын бохирдол, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын тулд Хятад улс жил бүр 1.7 триллион юанийг нэмж уурхайнууддаа зарцуулах хэрэгтэй гэсэн тооцоо байна.

Нар, салхины гэх мэт шавхаг-дашгүй эко эх үүсвэрийг ашиглах тал дээр амжилт олж байна.  Нарны эрчим хүчний төхөөрөмжийн тоо хэмжээ 547 хувь нэмэгдсэн  бол салхины эрчим хүчний төхөөрөмж бас 48 хувь өсчээ.

Байдал хэдий ийм байгаа ч бас бүх зүйл муугаар эргээгүй. Энэ салбарын бодлого тодорхойлогчдын  үзэж байгаагаар Хятад улс 2020 он гэхэд хүлэмжийн хийг 45 хувь бууруулна гэжээ. Тус улсад эрчим хүчний өөр хямд эх үүсвэрийг ашиглах явц хурдтай байгааг дурдах учиртай. Ялангуяа нар, салхины гэх  мэт шавхагдашгүй эко эх үүсвэрийг ашиглах тал дээр амжилт олж байгаа улсын нэг нь урд хөршийнхэн.  Нарны эрчим хүчний төхөөрөмжийн тоо хэмжээ 547 хувь нэмэгдсэн гэх мэдээлэл байгаа бол  салхины эрчим хүчний төхөөрөмж бас 48 хувь өсчээ. Нар, салхины эх үүсвэрээр хэрэгцээт эрчим хүчнийхээ 9,4 хувийг хангаж байгаа нь энэ том гүрний хувьд чамлахааргүй үзүүлэлт аж.  2015 оны байдлаар гэхэд сэргээгэдэх эрчим хүчээр нийт хэрэглээнийхээ 11.4 орчим хувийг хангаж байна.  

Бас нэг сайн мэдээ гэвэл эрчим хүчний хэмнэлтийн зарчим. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх эрчим хүчний хэрэглээг 2005 оноос 19 хувь хүртэл бууруулахаар ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsogonoo(104.131.89.90) 2015 оны 06 сарын 29

юм хийж бгаа хүмүүсээ дэмждээд энэ тэр толгойнуудаа явуулмаар юм даа

0  |  0
me(104.131.89.90) 2015 оны 06 сарын 29

zugeer l nuursee zarmaar bgaan. ingej bsaar btal une tsenegui bolloo

0  |  0
Top