Мэдлэгийн санд тань мэдэхэд илүүдэхгүй зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 29

Хүмүүс ямар нэгэн өвчин тусчихаар үүнийхээ бурууг бусдаас эрэлхийлдэг. Олон нийтийн газар тааралдсан юм уу ажил дээрээ хамт байдаг хүмүүсээс авчихсан зэргээр боддог. 

Үнэндээ энэ нь бидний хамгийн их байдаг гэр орон, автомашин, ажлын ширээ байдаг аж. Бидний дархлааг сулруулж өвчин тусгадаг нүдэнд үл үзэгдэгч нян бактерууд дээр дурдсан газруудад байдаг юм байна. Тэр ч бүү хэл таны төсөөлөөгүй газар ч нянгууд байж боломгүй ихээрээ шаагилдаж байдаг.

Жишээ нь, гал тогоон дахь хамгийн бохир эд зүйл бол аяга, шанага угаагч пролон. Түүн дотор цагаан хорхойны савханцар болон сальмонеллууд олноор байдаг. Угаалгын өрөөнд л гэхэд шүдний сойз хийдэг сав нойтон сойзноос урсах бүх нянгуудыг цуглуулдаг газар гэнэ. Судлаачид түүнийг тогтмол нянгийн эсрэг үйлчилгээтэй халуун усаар угааж байхыг зөвлөв. Түүнчлэн цахилгаан хэрэгслүүд ч маш бохир байдаг аж. Тэдгээрийн товчлуур дээрх нянгийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 150 дахин их байдаг. Зурагтын удирдлага бас дэндүү бохир байдаг аж. Ор, хөнжлийн даавууг тогтмол угааж, сольж байхгүй бол нянгийн үүр уурхай болдгийг сануулалтгүй биз.

Мөн судалгаагаар зангиа туйлын бохир байж, амны хөндий болон хамрын салст уруу нянгуудыг цацаж байдаг гэнэ. Хүмүүс хувцасаа угаахаас биш зангиагаа тэр бүр угаадаггүй аж. Бүр зангиагаа огт угаадаггүй ч хүн байдаг бөгөөд ийм хүн амны хөндий өвчлэлтэй байх нь элбэг тохиолддог гэнэ. Түүчнлэн хүн хивсэн дээгүүр явахад агаарт 35 сая гаруй ширхэг нян бургилан дэгддэг гээд бод доо. Талх, ногоо,мах зэргийг хэрчдэг гамбанз мод бас өвчний үүр уурхай болдгийг санаж явах хэрэгтэй.

Харин автомашины хувьд хаалганы бариул, үрүүл, сандал, шалавч, урд талын тавцан гээд бүгд бохир байдаг бөгөөд дотор угаалгыг 7 хоногтоо нэг удаа хийж байх шаардлагатай.

Тэгвэл хамгийн хачирхалтай нь таны ажлын ширээ, тэр дундаа компьютер маш бохир байдгийг барууны эрдэмтэд тогтоожээ. Оффисын байгууллагуудад хийсэн судалгаагаар компьютерийн гар /кeyboard/ тухайн оффисынхоо суултуураас 200 дахин бохир байсан аж. Учир нь жорлонгийн суултуурыг тогтмол вирусын эсрэг хөөстэй алчуураар арчдаг бол компьютерийн гарыг барагтай л бол цэвэрлэдэггүй холбоотой. Тиймээс хүмүүс өвчин ханиад, харшил зэрэг хамгийн энгийн өвчнүүдээс эхлээд шинж тэмдэг нь тэр бүр илэрдэггүй хүнд хэлбэрийн өвчин тусбал эхлээд дээрх дурдсан газруудыг цэвэрлээд дараа нь ойр тойрны хүмүүсээ хардах хэрэгтэй аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top