“Нарантуул”-ыг шатаасан гэх хүмүүсийн хэргийг түдгэлзүүлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 02

Өдгөөгөөс хоёр жилийн өмнө “Нарантуул” олон улсын худалдааны төвийн Хүнсний зах үл мэдэгдэх шалтгаанаар шатаж, түрээслэгчдэд их хэмжээний хохирол учирч, галын улмаас нэг хүний амь эрсдэж, 300 гаруй түрээслэгч эд хөрөнгө, ажлын байргүй болсон ч энэ хэргийн учир шалтгааныг өдий хүртэл нууцалж байсан нь нууц биш билээ.

“Нарантуул”-ын Хүнсний зах шатсанаар ганц тэнд үйл ажиллагаа явуулдаг байсан түрээслэгчид ч биш “Нарантуул” худалдааны төвд бизнес эрхэлж буй бүх наймаачдад хүнд цохилт болж, тэдний орлого 30 хувиар буурсан юм.Хүнсний захгүй болсон “Нарантуул”-ыг зорих иргэд багасч, хоол хүнсээ цуглуулангаа ганц нэг бараа авдаг байсан хүмүүс бүр татарчээ.

Юутай ч, “Нарантуул”-ын Хүнсний зах өөрөө бус гаднын нөлөөтэйгээр шатсан гэж тус худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу нэгэнтээ хэлж байсан. Ер нь Монголд баячууд нэг нэгнийнхээ худалдааны төвийг шатааж, өөрсдийн бизнесийн өндөрт өргөх алхмууд ганц үгээр зогсохгүй хийгдэж байсан нь угаасаа тодорхой болсон зүйл.

Тэгвэл “Нарантуул”-ын Хүнсний зах шатсаны дараа уг хэрэгт холбогдуулан тухайн үед долоон хүнийг сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч өдийг хүртэл сунжруулж байсан ба саяхан тэдний хэргийг прокурорын шатанд түдгэлзүүлсэн байна. Гэхдээ ямар үндэслэлээр түдгэлзүүлсэн нь тодорхойгүй байгаа ба Хүнсний захыг шатаасан гэх долоон хүний захиалагч нөлөөлсөн гэх хардлагыг төрүүлж байна.






Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top