УИХ-ын дарга үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцав

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 05

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр  үндэсний зарим үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцав. Тэрбээр энэ үеэрээ  “Сор кашмер” болон "Хишигтэн гал" компаниар зочилсон юм.

“Сор кашемир” ХХК ноос ноолуур ангилан ялгах, ноолуур самнах, будах, ноос ноолууран утас ээрэх, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехүүддээ түүхий эдийг боловсруулж  эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгож байна.  

Ноос, ноолуур, сарлагийн хөөвөр боловсруулах “Сор кашимер” ХХК нь Хөгжлийн банкнаас 5 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй 3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ингэснээр үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна. Сүлжих цехдээ Германы Stoll  маркын 8 ширхэг компьютер машинтай болсноор жилдээ  20-24 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Бархасвадь Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 1.8 тэрбум төгрөгийг төлөөд байгаа бөгөөд үлдэгдэл зээлийн эргэн төлөлт графикийн дагуу хэвийн явагдаж байгааг УИХ-ын даргад танилцуулав.

Тус компани  одоогоор 100 орчим хүнийг тогтмол ажлын байраар хангаж, жилдээ 60-100 тонн ноолуур, 200 орчим тонн тэмээний ноос, 30 гаруй тонн сарлагын хөөвөр боловсруулж, 100 хувь цэвэр утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Тус компани одоо 10 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа юм байна.

УИХ-ын даргын үйл ажиллагаатай нь танилцсан “Хишигтэн гал” компани бэлэн хувцас болон гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа шинжилгээний ажлаа 2011 онд эхлүүлжээ. АНУ-ын нарийн мэргэжлийн лабораториудтай хамтран монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн найрлагыг гарган авчээ. Одоогоор “S’Miss BB cream” тэргүүтэй цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд худалдаалж байгаа бөгөөд цаашид гоо сайхны үйлдвэрээ өргөжүүлэх зорилготой ажиллаж байгаагаа тус компанийн захирал Э.Саруулбилэг танилцуулав.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top