Өнөөдөр Далай ламын төрсөн өдрийг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

Өнөөдөр Дээрхийн гэгээнтэний мэлмий гийсний 80 насны ой тохиож, дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Бурханы шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, залуусын клуб, сүм хийдүүд хамтран Далай багшийн төрсөн өдөрт зориулсан шашин, соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд Гандантэгчэнлин хийдэд өглөөний 5 цагаас сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээж нийтээр буянаа хураах, уламжлалт шашин номын үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.

Баярын үеэр хүмүүнлэгийн үйл ажиллагааг өвчтөний эмчилгээ төлбөрт хандив өгөх, эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн сурлагаараа тэргүүлэгч оюутанд сургалтын тэтгэлэг олгох, хүнсний тусламж үзүүлэх зэрэг гурван үндсэн чиглэлээр зохион байгуулах аж.

Даваа гарагт буюу 7 сарын 6-ны өдрийн орой 18 цаг 30 минутаас Монголын үндэсний циркт Далай багшид мандал өргөх, шашин соёлын үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд Дээрхийн гэгээнтэний төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлж, сэтгэлдээ сайн буяны үрийг тарьж буянаа хураах боломжтой юм.

Төрсөн өдрийн баярын үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс тухайн өдөр Үндэсний циркт ирж урилгаа авч оролцох боломжтой юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top