МАН-ыг Засгийн газраас хөөх шалтгаан

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

УИХ-ын дэргэдэх АН-ын бүлгээс МАН-ыг Засгийн газраас хөөх асуудлаар хуралдаж байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-ыг ямар учраас Засгийн газраас гаргах шийдвэр гаргаснаа дараах шалтгаантай гэж тайлбарлаж байгаа  юм

1. Засгийн газарт МАН-ыг хамтарч ажил хийе гэж урьсан. Харамсалтай нь МАН нэг л ажил хийдэг юм байна. Тэд 6 сайд, 7 дэд сайд авч 600 гаруй төрийн албан хаагчийг халлаа. МАН албан тушаал ширээ сандлаас өөр ажил хийж чадаггүй юм байна. Хууль зөрчин төрийн албан хаагчийг хална гэж бид тохироогүй.
2. МАН-ыг бид УИХ-ын чуулганы нийт хугацааны 60 хувийг нь сайд огцруулах асуудал тавьж ажил хийлгэхгүй болохоор нь хамтран ажиллах гэж төрд урьсан. Тэд сайд огцруулах ажлаа төрийн албан хаагчдыг халах ажлаар солилоо. Тэд зургаан сарын хугацаанд ийм л ажил хийлээ.
3. Эдийн засгийг сайжруулахад иргэдээ уриалж ард түмнээ ажил үйлсэд уриалж хамт явна гэж итгэж МАН-ыг урьсан. Өөрсдөө ч тэгж амласан. Харамсалтай нь, тэд төрийн бодлогоор хэрэгжүүлсэн ажлыг мушгин гуйвуулж, ард түмний санаа сэтгэлийг мунхруулсан гүтгэлгээс өөр юм хийсэнгүй.
Ардчилсан нам 2012-2014 онд их бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. МАН-тай хамтарснаас хойш ажил урагшлахгүй байна.
4. МАН 2016 оны сонгууль эхэлснээ зарлаж, төрийн ажлыг цалгардуулах, түмэн олныг хувааж талцуулах боллоо.
МАН 2000-2012 оны хооронд бүтэн нэг үед Монгол Улсыг удирдаж, олонхийг бүрдүүлж явсан ч нүдэнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалт, цэгцтэй бодлого байсангүй.
5. Өнөө цагт АН хариуцлагаа үүрсэн шиг үүрч, МАН сөрөг хүчин шиг байж 2016 онд ард түмнээрээ дүнгээ тавиулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top