Бөхчүүдийг камераар хянана

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

Жилийн жилд даваа, унааны асуудлаар хоорондоо маргалдаж, бүр зөрүүлэх хүртэл байдлаар тэмцэлддэг бөхчүүдийг энэ жилийн наадмаар камераар хянахаар болжээ.

Мэдээж хүн л юм болсон хойно алдаа гаргаж, халуунд хоёр бөхийг хэчнээн минут харж зогсдог засуулуудын ажлыг хөнгөвлөх, наадамчин олныг бухимдуулахгүй байх үүднээс энэ жилийн наадмаар бөхчүүдийн хэн нь түрүүлж унасныг шүүх камер ажиллуулж эхлэхээр болсон байна.

Мөн энэ жилийн наадмаас эхлэн хойшид ч мөн бөхчүүдийг камераар хянах нь зүйтэй хэмээн бөх сонирхогчид үзэж байна. Тэд эртнээс Үндэсний бөхийг Японы үндэсний бөх сумог камераар хянахыг хүсч байсан юм.

Юутай ч, бөхчүүдийг камераар хянахаар болсон бөгөөд ганц даваа, унааг харахаас гадна бөхчүүдийг дэвжээн дээр барилдах үедээ ёс зүйн алдаа гаргах, бүдүүлэг үг, хэллэг хэрэглэх зэргийг хянах аж. Ингэхдээ жижиг төрлийн камер ашиглах бөгөөд тэднийг 15 орчим засуулын энгэрт зүүх аж.

Түүнчлэн энэ камераар бөхчүүдээс гадна засуулууд, хөлийн цэцийг давхар хянах юм байна. Хэрвээ төв цэнгэлдэхэд наадмын барилдааны үеэр хэн нэгэн бөх ёс зүйгүй үйлдэл, авир гаргавал үндэсний бөхийн дүрмийн дагуу хөлийн цэцүүд камерийг хянаж, тухайн барилдаанаас хасах хүртэл хариуцлага тооцох гэнэ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top