Сурвалжлага:Ялалтын 70 жилийн ойгоор амьсгалсан БНХАУ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин өнгөрсөн онд манай улсад ажлын айлчлал хийсэн. Уг айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ши Жиньпин Монголын 250 сэтгүүлчийг өөрийн улсад айлчлуулж, хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хооронд туршлага солилцуулна хэмээн хэлсэн. Энэ дагуу эхний 50 сэтгүүлч БНХАУ-ын нийслэл Бээжин, Наньжинь, Жан Бэй зэрэг хотод ажиллаад ирлээ. Энэ онд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож байна. Бид бүхэн 1945 онд болсон Хятад, Японы дайны түүх энэ цаг үед хэрхэн дуурсагдаж буйтай танилцсан юм.

Айлчлалын хүрээнд бид Хятадын Сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Гадаад харилцааны яам, Олон улсын радиотой нь танилцлаа. Тус улсын хэвлэл мэдээлэлийнхэн хэрхэн ажиллдаг талаар бид маргаашийн дугаартаа хүргэх болно. Харин одоо Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн талаар мэдээлэл хүргэе. Бид бүхэн тус ажлын айлчлалын үеэр Хэбэй мужийн Жан Бэй хотын Жанчхүүгийн даваанд орших Зөвлөлт, Монголын холбоотон цэргүүдийн үрэгдсэн баатруудын дурсгалын суваргатай  танилцлаа.

Зөвлөлт, Монголын холбоотон цэргүүдийн амь үрэгдсэн баатруудын дурсгалын хөшөө

Зөвлөлт, Монголын холбоотон цэргүүдийн үрэгдсэн баатруудын дурсгалын суварга нь тус хотын баруун талд орших Жанчхүүгийн даваанд байрлаж байна. Тус суваргыг Японы эзлэн түргэмийллийн эсрэг дайнд байлдаж яваад амь үрэгдсэн Монгол, Оросын эрэлхэг цэргүүдийн гэгээн дурсгалд зориулж байгуулжээ. Япон улс нь Солонгосыг эзлээд улмаар Хятад руу дайрч эхэлсэн байна. Тухайн үедээ Хятадын газар нутгийн тал хувийг нь эзлээд байсан Японыг дарахаар Орос, Монгол, Хятад гурван улс нэгдсэн байна. Хэрвээ япончууд Хятадыг эзэлж дууссан бол тун удахгүй Монгол улсын нутаг дэвсгэр рүү орох нөхцөл байдалтай байжээ. Тиймээс энэ дайнд Монголын ардын армийн цэргүүд оролцсон нь аж. Манай улсын олон мянган дайчин эрс уг дайнд оролцож түүхэн гавъяа байгуулсан бөгөөд түүний дундаас 13 нь эрэлхэгээр байлдаж яваад амиа алджээ. Амиа алдсан Монгол болон Оросын цэргүүдийн нэрсийг уг дурсгалын цамхгийн хананд сийлжээ.

Тодруулбал,
1. Л.Аюуш /Монгол улсын баатар тэрбээр тус дайнд өөрийн цэргүүдийг удирдан оролцож, эрэлхэгээр тулалдсаар биедээ маш олон шархийг авч нас барсан байна/
2. Г.Жанчив
3. Б.Сахьяа
4. М.Жүгдэр
5. П.Нямаа
6. Т.Самданжамц
7. Р.Маамуу
8. Д.Дагва
9. Г.Лхамрагчаа
10. Г.Чулуунбат
11. С.Шагдар
12. Б.Пүрэв
13. Г.Дашдондог

Их дайнд ялалт байгуулахад түүхэн үүрэгтэй оролцсон Монголын эрэлхэг 13 баатараас гадна ОХУ-ын 53 цэрэг энэ дайнд амь насаа алджээ. Амиа алдсан Монгол болон Оросын цэргүүдийн нэрсийг уг дурсгалын цамхгийн хананд сийлжээ. Бидний очсон Жанчхүүгийн даваа нь тэр чигээрээ амь үрэгдсэн баатруудад зориулсан цэцэрлэгт хүрээлэн болжээ. Тус цамхагийн өндөр нь 28.8 метр бөгөөд 360 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг байна. Цамхагийн өмнөх нь танилцуулагыг харахад Японы эзлэн түрэмгийлэлийн дайны байр байдал, тухайн үеийн нөхцөл байдлын талаар товчхон бичсэн байна. Энэхүү цамхаг нь дайн дууссан жил болох 1945 онд байгуулагджээ. 

 

Хятадыг түрэмгийлсэн Япон цэргүүдийн үйлдсэн Наньжины их хядлагад нас барсан хүмүүсийн дурсгалын музей

Харин дараа нь бид бүхэн Бээжингээс 1500 км-ийн зайд орших Наньжин хотыг зорьсон юм. 
Энэ хотод ирсэн гол зорилго нь Хятадыг түрэмгийлсэн Япон цэргүүдийн үйлдсэн Наньжины их хядлагад нас барсан хүмүүсийн дурсгалын музейтэй танилцах байлаа.

Япон цэргийн арми 1937 оны 12 дугаар сараас 1938 оны 1 сарын хооронд Наньжины хотыг эзлэн түрэмгийлж их хядлагыг явуулжээ. Ингэхдээ алж, булааж, шатаах буюу “Гурвыг хоослох” гэсэн бодлого хэрэгжүүлж байсан аж. Наньжин хотыг эзлэн түрэмгийлсэн их хядлагын үеэр 300 мянган хүний амь насыг хөнөөж 100 мянган хүнийг амьдаар нь булж байжээ. Наньжины их хядлагад нас барсан хүмүүсийн дурсгалын музейг хөл нүцгэн ээж нас барсан хүүгийнхээ цогсыг дааж ядан гашуудаж буй, цэргүүд хүүхдүүдээ тэврээд зугатахдаа өрөөсөн гутлаа гээж орхисон аав зэрэг дүр дүрслэлийг зэргийг музейн гадна баримлаар үзүүлжээ. Уг музей нь хэмжээ болон ач холбогдлоороо Хятададаа нэгдүгээрт жагсдаг. Наньжинчууд япончуудын үйлдсэн хядлагын өдрийг хэзээ ч мартаж болохгүй түүхийн нэгээхэн хэсэг гэж боддог байна. Тус музейн дотор нас бараад буй хүүхдүүдийн олон зураг байхаас гадна толгойг нь таслаад аманд нь тамхи зуулгаад шонд өлгөсөн эрэгтэйн зураг гэх мэт нүд халтирам үзвэрүүд байна. Мөн тухайн дайнаас амьд үлдсэн цөөн хүмүүсийн ярьсан дээр үндэслэн тэр үеийн ард иргэдийн амьдралыг тэр чигээр нь дүрсэлсэн харуулсан байна. Харин одоо энэ хотын хувьд нийт 8 сая хүн амтайгаар Хөх мөрнийг дэрлэн амьдарч байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bodol(85.220.67.201) 2015 оны 07 сарын 07

yu gej bodoj bna gej uu?Hyatad yalaltyn 70 jil bish chuluulugdsunii 70 jiliin oi l gej bmaar yum gej bodoj bna

0  |  0
Top