​Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 1 сая хүртэл төгрөгөөр торгож, давтан үйлдвэл баривчилна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 08

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэхүү хуулийг баталснаар замын хөдөлгөөний аюулгүй байдал болон замын хөдөлгөөний дүрэмд нэлээд өөрчлөлт орж байгаа юм.

Засгийн газар энэ сард багтаан хуулийг дагалдаж гарах Замын хөдөлгөөний дүрэм, журмыг баталж, иргэд хуулийг сурталчилах ажлыг хийх юм байна. Учир нь, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь ирэх есдүгээр сарын 1-ны өдрөөс  хэрэгжиж эхлэнэ. 

Манай улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэдгийг хуульд заасан. Мөн энэ хуулиар жолооч, явган зорчигчийн эрхийг үүргийг нэг бүрчлэн зааж,  хууль зөрчвөл ямар хариуцлага ногдуулах заалтыг оруулжээ. Жишээ нь,  согтуугаар жолоо баривал 1 сая хүртэлх төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сар хасч давтан согтуугаар жолоо баривал эрүүгийн хэрэг үүсгэж, 30 хоног баривчлахаар тусгасан байгаа юм.

Уг хуулийг Хууль зүйн байнгийн хороо болон УИХ дээр хэлэлцэж байх үед жолооны үнэмлэх олгох эрхийг УБЕГ-т өгөхөөр заасан нь нэлээд маргаан дагуулсан. Тэгвэл эцсийн хэлэлцүүлгийн үед жолооны үнэмлэх олгох эрхийг цагдаагийн байгууллага хариуцахаар боллоо.

Ингээд жолооч болон иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо юунд анхаарч, хууль зөрчвөл ямар торгуул төлөхөөр заасныг товч хүргье.

Согтуугаар жолоо баривал 384 мянган төгрөгөөр торгоно

Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэхээр тусгажээ. Харин согтуугаар жолоо барьж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болсон буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийг давтан үйлдсэн бол эрүү үүсгэж 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэх юм байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодохыг шаардсан, нөлөөлсөн иргэнийг 48 мянгаар хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгох юм байна.

Жолоогоо согтуу хүнд шилжүүлбэл 96 мянган төгрөгөөр торгоно

Хэрвээ согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан хүнд жолоог шилжүүлсэн бол тухайн шилжүүлсэн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх 96 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээнэ. Мөн согтуу жолоо барьсан этгээдэд торгууль ногдуулж, жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хасна гэсэн үг.

 Бие эвгүйрхсэн үедээ жолоо баривал 48 мянгаар торгоно  

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ гэж төсөлд тусгасан байна. Энэ тохиолдолд 48 мянган төгрөгөөр торгоно гэсэн үг.

Мөн тээврийн хэрэгслийн жолооч автомашины жолоодлогоо өвчтэй, биеийн байдал нь хэвийн бус байгаа хүнд шилжүүлвэл мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна.

Жолооны үнэмлэхгүй жолоо баривал 48 мянгаар торгоно

Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна. Өөрөөр хэлбэл, жолооны үнэмлэхгүй, жолоодох эрх аваагүй тээврийн хэрэгсэл жолоодвол 48 мянган төгрөгөөр торгох юм байна. Харин баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол 19200 төгрөгөөр торгох юм байна.

Бүртгэлгүй тээврийн хэрэгсэл жолоодвол 96 мянган төгрөгөөр торгоно

Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх буюу 96 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 192000 төгрөгөөр торгох юм байна. Харин тухайн жолоодож буй тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, тэнцээгүй байхад нь замын хөдөлгөөнд оролцсон иргэн, хуулийн этгээдийг мөн дээрх хэмжээгээр торгохоор заажээ.

Хуурамч дугаар ашигласан хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгоно

Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх 48 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Харин улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон 96 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 348 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна. Харин хуурам дугаар ашигласан иргэнийг 192 мянга, хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгох юм байна.

Жолооч, зорчигч бүсээ зүүгээгүй бол 9000 төгрөгөөр торгоно

Тээврийн хэрэгслийн жолоочоос гадна зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэхээр төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, ганц жолоочид ч биш зорчигчийг торгоно гэсэн үг. Энэ тохиолдолд есөн мянган төгрөгөөр торгохоор заасан байгаа юм

Утсаар яривал 9000 төгрөгийн торгуултай

Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэхээр заасан аж.

Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодвол 48 мянган төгрөгөөр торгоно

Жолооч хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол 19200 төгрөгөөр торгож, ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол 48 мянган төгрөгөөр торгох юм байна. Мөн хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувь буюу 96 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

Гэрлэн дохио зөрчвөл 19200 төгрөгөөр торгоно

Жолооч гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Мөн Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол 19200 төгрөгөөр торгоно

Зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200 төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200, жолооч хөдөлгөөний чиг өөрчлөхдөө эгнээ байр эзлэх журам зөрчсөн, хориглосон газарт буцаж эргэх буюу ухрах үйлдлийг хийсэн бол мөн 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна.

Урсгал сөрвөл 96 мянган төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэхээ заажээ.

Хэт удаан явбал 19 мянган төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулвал захиргааны хариуцлага хүлээнэ. Энэ нөхцөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэхээр боловсруулжээ.

Хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг зургаан сараар хасна

Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

Удаан зогсвол 19200 төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

Замын тэмдэглэгээ зөрчиж эргэсэн бол 48 мянган төгрөгөөр торгоно

Жолооч замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш буюу буцаж эргэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувь буюу 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. МӨН жолооч тээврийн хэрэгслийн бодит жин буюу тэнхлэгийн ачааллын хязгаарлал тогтоосон хориглох тэмдгийн заалтыг зөрчвөл 48 мянган төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 192 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээх юм байна.

Явган зорчигч дүрэм зөрчвөл торгоно

Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Харин явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээнэ. Иргэн, хуулийн этгээд оршин байгаа газарт хамаарах замын бохирдол, цас мөсийг цэвэрлэлгүй замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагчийг 19200 төгрөгөөр торгох юм байна.

Энэ мэтчилэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн зүйл бүрээр иргэн, хуулийн этгээдэд торгуул ногдуулах юм. Энэхүү хууль нь есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.13.179) 2015 оны 07 сарын 09

Монголд ийм л хууль хэрэгтэй байна Хамгийн гол нь цагдаа нар тал үнээр нь хувиараа торгодог болчих вий дээ

0  |  0
irgen(150.129.143.177) 2015 оны 07 сарын 08

Sogtuu joloochiin erhiig buh nasaar ni hasah heregtei! Zasrahgui shuu dee.

0  |  0
Hoho(150.129.143.146) 2015 оны 07 сарын 08

Zuv. Manai nuhur mashin barihgui um bndaa. Kkkk.

0  |  0
nem(112.72.13.103) 2015 оны 07 сарын 08

sogtuu novshnuudiin torguuliin hemjeeg dahiad nemmeer bn

0  |  0
Top