Нэг нь цэцэрлэг барих гээд нөгөө нь цэцэрлэг нураах гээд...

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 21

Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-тай хамтран, тус дүүргийн 19 дүгээр хороонд 50 хүүхдийн цэцэрлэг барих ажил эхлүүлээд байна.

Тэд 50 хүүхдийн цэцэрлэг барих хандивын аяныг өрнүүлжээ. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо алслагдсан газар төдийгүй цэцэрлэгийн хүрэлцээ тааруухан учир сургуулийн өмнөх боловсрол эзэмших 277 хүүхдийн ердөө 100 хүүхэд л цэцэрлэгт явдаг байна. Иймд 50 хүүхдийн цэцэрлэгийг барихаар шийдвэрлэж, нийт 290 м2, хоёр ангитай, хоёр танхим, гал тогоотой урлаг заалтай байхаар төлөвлөсөн байна.

Ийм цэцэрлэг барихад ойролцоогоор 500 орчим сая төгрөгийн хөрөнгө хэрэгтэй бөгөөд бяцхан дүү нараа цэцэрлэгтэй болгох уг ажилд сайхан сэтгэлт залуучуудаа уриалан хандив цуглуулж эхэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч цэцэрлэг барих болон бага насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах тал дээр олон аижл хийж байгаа. Тиймдээ ч багагүй ашигтай гэгддэг хувийн цэцэрлэгийн бизнес хүчээ авсан.

Нөгөө талаас нэг нь энэ мэт хандив цуглуулж цэцэрлэг барих гэж байхад нөгөө хэсэг нь цэцэрлэг нураах үйл ажиллагаа явуулж байна. Жишээ нь өнгөрсөн жил нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 хороо, Кино үйлдвэрт байх 146 дугаар улсын цэцэрлэгийг юу ч үгүй нурааж, 9 дүгээр сар ойртож буй энэ үед барилгын ажил нь ч эхлээгүй байна.

Одоо эхэлсэн ч 9 сараас өмнө ашиглалтад орж амжихгүй ба 146 дугаар цэцэрлэгээс завсардсан хүүхдүүдийг яах вэ. Өнгөрсөн жил 146 цэцэрлэгийн 190 хүүхдийг хол, хол цэцэрлэг рүү цөлж эцэг эхчүүдэд багагүй чирэгдэл учруулсан. Тухайлбал дээрх 190 хүүхдийн төгсөх ангийн 80 хүүхдийг 128 дугаар цэцэрлэг рүү, 26 хүүхдийг  115 дугаар цэцэрлэг рүү 27 хүүхдийг 52 болон 67 дугаар цэцэрлэг рүү тус тус шилжүүлсэн.

Харин үлдсэн 67 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн. Түүнчлэн энэ жил Баянзүрх дүүргийн 10, Чингэлтэй дүүргийн 18, 5, Баянгол дүүргийн 47, 57, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулахгүй гэж Нийслэлийн боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн мэдэгдэж байсан удаатай.

Эцэг эхчүүдийн хувьд хуучирсан цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, нурааж байгаад сайшаалтай хандаж байгаа ч дараа жилийн шинэ элсэлтээс өмнө цэцэрлэг ашиглалтад оруулахгүй байгаад сэтгэл дундуур байгаа юм. Түүнчлэн тэд нураасан 146 дугаар улсын цэцэрлэгийн хашаан дотор гэр байдаг бөгөөд тэр нь өмнө нь цэцэрлэг байхад ч тэр гал түлж балчир хүүхдүүдийг хорт утаагаар хордуулдаг байсан гэв.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top