Гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн этгээд тэднийд амьдардаг байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 21

Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр баг Хөндлөн гэх газар 52 настай эрэгтэй Л, 11 настай эмэгтэй Б нарыг буудаж, 53 настай эмэгтэй Т-г хутгалж хөнөөгөөд нүхэнд булсан аймшигт хэрэг гарсан, улмаар сэжигтнийг цаг алдалгүй баривчилсан талаарх мэдээллийг ЦЕГ-аас албан ёсоор мэдээлсэн билээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү хэлэхдээ “Уг хэрэг энэ сарын 5-нд гарсан ч энэ сарын 11-ний өдөр хэргийн талаар иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Улмаар Мөрдөн байцаах газрын дэд дарга, хурандаа И.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг 24 цагийн хугацаанд гэмт этгээдийг илрүүлж саатуулаад байна. Сэжигтэн этгээдийн хувьд 34 настай эрэгтэй Б гэгч байсан” хэмээсэн юм.

-СЭЖИГТЭН Б ТАЛИЙГААЧ Л-ИЙН АХЫНХ НЬ ХҮҮ БАЙЖЭЭ-

Эх сурвалжийн мэдээлснээр гэмт этгээд хэргийн газраас зугтаж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт айлд хорогдож байхад нь цагдаагийнхан шуурхай илрүүлж баривчилсан байна. Онц ноцтой хэрэг гарсан дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтэс, УМБГ-ын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид ажиллаж хэргийг нэг хоногийн дотор илрүүлжээ.  Талийгаачдын цогцосыг өвөлжөөнөөс нь баруун тийш, ойролцоогоор 100 метрийн зайд жижиг дэрстэй жалганд жил гаруйн худаг гаргахаар ухаж байсан нүхэнд хийсэн байжээ. Гэмт этгээд чухам ямар учраас гурван хүний аминд хүрсэн эсэхийг тодруулахаар цагдаагийн алба хаагчид мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
34 настай сэжигтэн Б хохирогч Л-ийн төрсөн ахынх нь хүү бөгөөд архи дарсанд шунамтгай, нэлээд “буруу гарын” этгээд байжээ. Тодруулбал хоёр ч удаа шүүхээс ял сонсож, шоронд хоригдож байсан юм байна. Харин шоронгоос суллагдахад нь талийгаач Л ганц ахынхаа хүүхдийг хэмээн толгойг нь илж, гэртээ байлгах болсон нь эцэст нь ийнхүү өөрийнх нь толгойг цустана чинээ даанч санаагүй биз.

-ТАЛИЙГААЧ ОХИН АМРАЛТААРАА ААВ ЭЭЖ ДЭЭРЭЭ ОЧСОН БАЙЖЭЭ-

Талийгаач Л, Т нар гурван хүүхэдтэй бөгөөд тэдэнтэй хамт амиа алдсан 11 настай охин нь хамгийн бага нь байжээ. Тэрбээр тавдугаар ангиа төгсөөд, амралтаараа аав ээж дээрээ очиж амарч байгаад ийнхүү алуурчны гарт онц хэрцгийгээр амиа алдсан байна. Харин том хүү нь Налайх дүүргийн Нисэхийн ангид ажилладаг бол дунд охин нь найман сартай жирэмсэн, хотод нөхөртэйгээ амьдардаг байсан аж.
Хэд хоног эцэг эхтэйгээ холбоо тасарсан дунд охин нь санаа нь зовниж, сэжигтэн этгээд болох Б-рүү залгахад “Аав ээж хоёр чинь дүүг чинь аваад найзуудтайгаа зугаалганд явсан” хэмээн нэлээд хэдэн удаа худлаа хэлж хуурсан байна. Ингээд арга нь тасарсан охин нь ахтайгаа хамт аавынхаа гэрт очиход хамаг хашаа хороо, мал хуй нь эмх замбараагүй, гэр нь эзгүй, машин нь байхгүй байжээ. Тиймээс аав ээжийгээ зугаалганд явж хэмээн итгэн хоёр ч хоног хүлээж. Гэтэл тэд ирсэнгүй. Ингээд тэд цагдаагийн байгууллагад хандаж, мэдээлэл өгсөн байна.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2015 оны 08 сарын 11

Great arilcte, thank you again for writing.

0  |  0
zochin(112.72.13.203) 2015 оны 07 сарын 22

hun tejeevel tolgoi tsusdana gj ug bdg

0  |  0
Ganbaa(70.167.253.18) 2015 оны 07 сарын 22

Novshiig ter 3 tai hurdan uulzuul..dahin tolgoig n ileh hereg baihgui!!

0  |  0
Top