“Google street view” Монголыг дэлхийд таниулна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 23

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг АНУ-ын “Гүүгл” компанийн Ази номхон далай, Ойрхи дорнод, Африк, ОХУ-ын Засгийн газартай хамтран ажиллах асуудал эрхэлсэн захирал хатагтай Сузен Пойнтер тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Төийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг АНУ-ын “Гүүгл” компани Монгол Улстай хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж цаашид цахим ертөнцөөр дамжуулан Монгол наадам, морин хуур, хөөмэй зэргийг дэлхий нийтэд таниулан түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Одоогоор “Google street view”-д Улаанбаатар хот, зүүн зургаан аймгийн нийт зургаан мянган км замыг оруулаад байгаа аж. Төслийг өнгөрсөн жилийн аравдугаар сард эхэлсэн билээ. Монгол дахь “Гүүгл” компанийн “Google street view” төслийн зохицуулагч С.Нацагдорж “Өнгөрсөн жилийн аравдугаар сард төв талбайд “Google street view”- ын нээлтийг хийсэн. Тэр ажлын үр дүн маргааш / өнөөдөр/ гарна. Улаанбаатар хот болон зүүн зургаан аймгийг “Google street view”-д орууллаа.

Энэ талаар албан ёсны дэлгэрэнгүй танилцуулгыг “Гүүгл” компанийнхан өгөх болно. Энд Монгол Улсын гурван музей албан ёсоор орж, үзэсгэлэнгээ гаргасан байгаа. Манай улс энэхүү зураглалд орсноор эх орноо дэлхийд сурталчлах, гадаадын жуулчдыг татах, интернэтийн технологийг ашиглан бидний амьдралд хэрэгтэй зүйлийг бий болгох зэрэг олон давуу талтай. Бид бүх аймаг сумыг хамруулах зорилготой байгаа. Монгол орон өргөн уудам учраас дараа жил үлдсэн аймаг, сумдыг хамруулна” гэв.

“Гүүгл” компанийн “Street View” бол “Google maps”-ийн нэгэн чухал хэсэг бөгөөд аль хэдийнэ 67 оронд хэрэгжжээ. Хэрэглэгчид онлайн байдлаар ойр хавийн гудамж талбай, орон нутгийн газрын зураглалаа 360 хэмийн панорам байдлаар үзэх боломжоор хангадгаараа онцлогтой. “Google maps” дээрээс “Street view” зураглалыг харахын тулд хэрэглэгчид улбар шар өнгийн “Pegman” гэсэн тэмдгийг газрын зургийн баруун доод хэсгээс зөөн, цэнхэр өнгөөр тодруулсан гудамжинд аваачихад тухайн газрын зураглал дэлгэц дээр харагдах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top