С.Баттулгыг суллахыг ОУ-ын сэтгүүлчдийн байгууллагууд уриаллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 24

Олон улсын “Чөлөөт сэтгүүл зүй” чуулган Европын Холбооны улс орнуудад тогтмол зохион байгуулагддаг бөгөөд өчигдөр ээлжит хурлаа хийлээ. Уг чуулганы үеэр “Чөлөөт сэтгүүл зүй” холбооны төлөөлөгч Дунжа Мижатович үг хэлэхдээ манай улсын сэтгүүлч С.Баттулгын тухай хөндлөө.

Тэрбээр “Монголын Info.Mn вэб сайтын сэтгүүлч С.Баттулгыг баривчилсан явдал нь хэт тэнцвэргүй үндэслэлээр эрүүгийн залхаан шийтгэх байдлаар хорьж цагдсан хэрэг. Энэ бол Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг уландаа гишгэн, юун түрүүнд шийдвэрлэх онц чухал асуудал үүссэнийг харуулж байна” гэжээ.

Тэрбээр “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг үндэслэж баривчилсан энэ явдал нь бусдын нэр төрийг гутаасан гэх шалтгаанаар олон удаа хойшлогдсон шүүх хурлын явцад болсон процесс.

Энэ явдал мэдээллийн чөлөөт урсгалын эрх чөлөөнд аюул занал учруулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бололцоог олон нийтийн дунд хаасан хүнд хэлбэрийн асуудал” гэж чуулганы үеэр “Чөлөөт сэтгүүл зүй” холбооны 120 гаруй гишүүний өмнө хэлжээ.

Сэтгүүлч С.Баттулгыг энэ сарын 9-нд баривчлахдаа бусдыг доромжилж, нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр буруутган нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу цагдан хорьсон. Энэ үйлдэл нь ЭБШХ-ийн зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн, хэт нэг талд үйлчилсэн шийдвэр гэдгийг хэвлэл мэдээллийнхэн ил тод шүүмжилж буй.

Мижатович цааш ярихдаа “Би Монгол Улсын эрх баригчдад С.Баттулга сэтгүүлчийг нэн даруй суллахыг Олон улсын хууль эрх зүйд үндэслэн шаардаж байна. Энэ бол бусдын нэр төрийг гутаахтай холбоотой заалтуудыг давхар зөрчиж, хэвлэлийн эрх чөлөөг шууд хаагдмал болгож байгаа явдал” гэсэн байна.

С.Баттулга сэтгүүлчийг баривчилсныг “Глоб Интернэшнл” төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон Монголын хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгсэл, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяраа(103.11.193.163) 2015 оны 07 сарын 24

Хүн доромжлохыг зөвшөөрүүлэх гээд байгаа юм уу хаашаа юм.Гадныхан л гэхээр яах ёстой юм манай улсын хуулинд нөлөөлөх үү. ДАВАР

0  |  0
Top