УИХ-ын гишүүд наадамласаар явна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 28

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 8 сарын 1-нээс хойш наадам байхгүй шүү хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч түүний үгийг Улаанбаатар хотын дарга, намын анд Э.Бат-Үүлээс нь авахуулаад тоож байгаа УИХ-ын гишүүн алга.

УИХ-ын хаврын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Чуулган завсарласнаас хойш саарал ордон бараг л эзгүйрсэн гэхэд болно. Ганц саарал ордон ч биш хот даяараа нам гүн, хүн цөөтэй, “Ажил хийж байгаа хүн ч бараг байхгүй” гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх. Жил жилийн өдийд ийм л байдаг хойно. Уг нь, наадмын дараа намар гэдэг ч энэ өдрүүдэд зарим аймаг, сумд тэгш ойгоо тэмдэглэж, дэнж хотойтол наадаж байна. Харин УИХ-ын чуулган завсарласан энэ хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хааяа нэг үзэгдэх гишүүдийн зарим нь аймаг, сумдын тэгш ойд оролцож, үг хэлж байгаа харагдав. Энэ жил улсын их баяр, наадам залгуулаад зарим аймаг, сумын түүхт тэгш ой тохиосон.

Тухайлбал, Увс аймгийн түүхт 90 жил болон Баруун бүсийн наадам болсон бол Сүхбаатарт зүүн бүсийн Даншиг наадам, Өвөрхангайд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, Өмнөговьд говийн бүсийн наадам болсон. УИХ-ын зарим гишүүн ч дээрх наадмуудад оролцож, баярлаж яваа харагдана лээ. Ингээд тэднийг хаагуур наадамлаж, ямар ажил амжуулж явааг сонирхсон юм. Энэ сарын 22-24-ний өдрүүдэд Увс аймгийн түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, Баруун бүсийн хурдан морины “Увс хурд- 2015” баяр наадам болсон. УИХ- ын эрхэм гишүүн Ц.Нямдорж  төрсөн нутгийнхаа түүхт ойд оролцож, үг хэлжээ. Увсчуудаа төлөөлж парламентад олон жил суугаа түүнийг нутгийнхан нь ихэд уриалгахан хүлээж авсан байна.

Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ч баярыг нь хуваалцахаар очсон харагдсан. Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд хэнтийчүүдийн итгэлийг авч, УИХ-д сонгогдсон нэгэн. Хэнтий аймгийн унаган хүү хаа байсан баруун хязгаарт очиж, наадамласан нь бөхөд хайртай олны баяр дээр нь баяр нэмсэн үйл явдал болжээ. Б.Бат-Эрдэнэ гишүүнээс гадна М.Сономпил, Н.Алтанхуяг нар очсон байна. Харин Өвөрхангай аймагт Өндөр гэгээн Занабазарын мэн- дэлсний 380 жилийн ойн Даншиг наадам өнгөрсөн амралтын өдрүү- дэд тохиов.

Наадмын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцож, үг хэлсэн. УИХ-ын даргатай хамт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Н.Төмөрхүү нар ч Даншиг наадмы үзэж сонирхжээ. Тэгвэл бусад гишүүний хувьд төрсөн нутагтаа амрах, тойргоо эргэх, сонгогчидтойгоо уулзах зэрэг ажлыг амжуулж яваа сурагтай.

Уг нь, УИХ-ын чуулганы завсарлагаа гэдэг бол албан ёсны амралт биш. Хавар, намрын  чуулганаар ямар хуулийг батлав, хэрхэн хэрэгжүүлэв, УИХ-аас гарсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа зэрэгт хяналт тавьж, судлах энэ талын бодит мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор орон нутгийг зорих ёстой. Заримдаа нам, эвслийн бүлгүүд тусгайлан хэд, хэдэн ажлын хэсэг гаргаж, чиглэл чиглэлээр нь томилолт өгч, хөдөө явуулдаг байлтай.

Энэ үеэр иргэд ч уулзалт, хуралд идэвхтэй оролцож, мэдэхгүй, ойлгохгүй бүхнээ тодруулдаг гэхэд болно. Гэтэл эрхэм түшээдийн ихэнх нь амарч, нутгийн ой хэсч, улмаар амарч зугаалж явна. Хэдийгээр чуулган завсарласан ч парламентын зөөлөн сэнтийд заларсан түшээдэд гадна, дотны зочдыг хүлээн авч уулзахаас эхлүүлээд хуулийн шинэ төсөл боловсруулах зэрэг олон ажил байгааг мартаж болохгүй. Тэгээд ч чуулган завсарласан л бол амралт эхэллээ гэдэг буруу зуршлаа засах цаг нь болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.113) 2015 оны 07 сарын 28

хөөе төсвийн мөнгө үрээд л байна уу? та нар аан? хэзээ буцааж төлөх билээ.

0  |  0
Top