Газрын ховор элементийн экспорт өсч, Монголыг сонирхогчид олширч байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 28

Нүүрс, алт, зэс, газрын тос, байгалийн хий гээд Монголын байгалийн баялаг дээр бас нэгэн шинэ зүйл нэмэгдсэн нь газрын ховор элемент. Монголын энэ баялгийг сонирхож буй орнууд олон байна. Олдоц ховор, басхүү ач холбогдлоороо ойрын ирээдүйд алтнаас илүү үнэд хүрэх уг баялаг зөвхөн Хятад, Монголд л бий. 

Монголын газар шороонд агуулагдаж буй уг баялгийг уул уурхайн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг Австрали Улс хэдийнэ мэдээлж, олборлолт явуулах хүсэлтээ илэрхийлж байв. Дэлхийд харьцангуй хожуу мэдэгдсэн ч одоо хурдацтай судалж буй газрын ховор элемент шинэ бодисуудын нөөцийн 90 хувь нь Хятадад /үүний ихэнх нь Өвөр Монголд/ байдаг бол үлдсэн 10 хувийн 7 нь Монголд 3 нь дэлхийн энд тэндхийн цөөн хэдэн оронд тархсан байдаг аж.

Тиймээс олон улс манай газрын ховор элементийг сонирхож түрүүлж олборлолт явуулахаар төлөвлөж байна. Манайд бүрэн судлагдаагүй байгаа газрын ховор элемент дэлхийд одоогоор 20 орчим төрөл нээгдээд байгаагаас Монголын говь, төвийн нутгаас лантан, скандий, церий, иттрий зэрэг төрөл нь илрээд байгаа аж. Харин 90 хувийн нөөцтэй басхүү энэ элементийг дангаараа экспортолж буй Хятадад жил ирэх тусам энэ элементүүдийн экспорт нэмэгдэж байна. Хятадын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлагийн өчигдрийн мэдээлэлд тус улсын хойд зүгийн Өвөр Монголын өөртөө засах бүс нутгаас энэ оны эхний зургаан сарын байдлаар газрын ховор элементийн экспорт өнгөрөгч оны мөн үеийнхээс даруй 36.5 хувиар өсчээ.

Мөн цаашид ч тогтмол өсөх дүр зураг харагджээ. Өвөр Монгол нь Хятадын газрын ховор элементийн хамгийн том нийлүүлэгч бүс нутаг бөгөөд зөвхөн энэ бүс нутгаас гэхэд энэ оны эхний хагаст 2664 тонн газрын ховор элемент экспортлосон бөгөөд үүний 50 орчим хувийг АНУ дангаараа импортолж, өнгөрөгч оны мөн үеийнхээс 40 хувиар, Япон Улс гуравны нэг орчим хувийг импортлож, өнгөрөгч оны мөн үеийнхээс 130 хувиар илүү худалдан авалт хийсэн байна. Газрын ховор элементийн хувьд тонн гэдэг үзүүлэлт маш их тоо.

Учир нь хэдхэн грамм газрын ховор элемент маш өндөр ач тустай. Жишээ нь, нэг тонн зэсийн хүдрээс ердөө 100 мг рений хэмээх газрын хово элемент гаргаж авдаг бөгөөд халалтыг тэсвэрлэдэг энэхүү ховор элементээр бензиний октаныг дээшлүүлдэг байна. Энэ мэт хэдхэн грамм газрын ховор элемент шинэ бүтээгдэхүүн гаргаж авах, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх зэрэгт ашиглагдаж өндөр бүтээмж гаргадаг байна. Өмнө нь газрын ховор элементийг зөвхөн сансрын салбарт ашиглаж, сансрын хөлөг, хиймэл дагуул зэргийн гангаас тав дахин бат бөх, хамгийн тэсвэртэй титан гадаргууг хийхэд ашиглаж байв. Харин өнөө үед өдөр тутмын хэрэглээ болсон ухаалаг гар утас, хавтгай дэлгэц, удаан ашиглаж болохуйц батарей, DVD цаашлаад батлан хамгаалах, тагнуул, сансар, анагаах ухаан, эрчим хүч, нано, лазер, өндөр хурд технологийн салбарын цаашдын хөгжил газрын ховор элементгүйгээр төсөөлөшгүй болжээ. Үүнээс гадна газрын ховор элементээр эдгээх боломжгүй гэгдэж буй хорт хавдар, ДОХ мэтийн янз бүрийн өвчнийг анагааж болохоос гадна тариа буудай, хүнсний ногооны ургацыг ч сайжруулж болдог аж.

Энэхүү амин чухал элементүүдийнхээ экспортод Хятад Улс 2010 онд квот тогтоож, өндөр татвар ногдуулсан. Үүнд Европын Холбоо, АНУ, Япон зэрэг улсууд ихээхэн бухимдаж, Дэлхийн Худалдааны Байгууллага /ДХБ/-д гомдол гаргаж, Хятадыг ДХБ-д хүлээсэн үүргээ зөрчиж байна хэмээн мэдүүлсэн. Тиймээс Хятад улс энэ оны нэгдүгээр сарын 1-нээс газрын ховор элементийнхээ экспортын квотыг цуцалж тавдугаар сараас экспортын татвараас чөлөөлсөн. Ямартай ч, Хятадын Өвөр Монгол өнгөрсөн зургааны сарын үеэр газрын ховор элементийн тонн тутмыг дунджаар 32 мянган юань /5229 ам.доллар/-иар экспортолжээ. Энэ нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 34.7 хувиар унасан үнэ бөгөөд ингэж унахад дэлхийн эдийн засаг болоод улстөрийн тогтворгүй байдал нөлөөлсөн ч АНУ тэргүүтэй орнуудын арга заль хэмээн Хятадын тал үздэг юм. Хэдий газрын ховор элемент дэлхийн зах зээлд тонн тутам нь 5229 ам.доллар байгаа ч хойшид өссөөр алтнаас ч илүү үнэд хүрнэ гэдгийг олон улсын эдийн засагчид нуудаггүй юм.    

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
enkhod(207.102.134.12) 2015 оны 07 сарын 29

olborlolt hiih anhnii tosov asar ondor tiim bolhoor barag hudlaa baih daa

0  |  0
Hyyhed(173.74.61.187) 2015 оны 07 сарын 28

Bid end hyrteh yy?

0  |  0
ааа(202.72.246.106) 2015 оны 07 сарын 28

Заа тэгээд тэр хөрөнгө оруулалт нь хэн нэгний хармаанд ороод л дуусна биз

0  |  0
Top