Шүүхээс сэтгүүлч С.Баттулгыг 9 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 29

Ноёд” группын захирал Г.Буяндорж болон сэтгүүлч С.Баттулга нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Шүүх хурал өнгөрсөн даваа гаригийн 14.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд эхэлсэн.

Гэвч хохирогчийн талаас шүүх бүрэлдэхүүнд 45 хуудас бүхий баримт хүргүүлсэн учир оролцогч нараас нэг нэгээр нь мэдүүлэг авсан юм. Энэ үеэр шүүгдэгч “Ноёд” группын захирал Г.Буяндорж, сэтгүүлч С.Баттулга нар өөрсдийг нь яллаж буй зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой буйгаа мэдэгдсэн. Тухайлбал, шүүгдэгч Г.Буяндорж “Би 13 жил хөдөлмөрлөж босгосон бизнесээ энэ хүнд алдсаны улмаас шүүхэд хандсан. Гэтэл өнөөдөр өөрөө хүн гүтгэсэн хэрэгт холбогдлоо.

Харин С.Билэгтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Сэтгүүлч С.Баттулгын хувьд баримттай материал сайтдаа байршуулсныхаа төлөө буруудаад байна. Түүнд ямар ч буруу байхгүй. Сэтгүүлчийн бичсэн нийтлэлд хуурамч зүйл огт байхгүй. Би хуурамч нотлох баримт бүрдүүлж хүн гүтгээгүй” гэсэн бол сэтгүүлч С.Баттулга “Хувь хүний болон мэргэжлийн нэр хүндэд халдаж байгаад гомдолтой байна. Сэтгүүлчид нотлох баримтыг чухалчилдаг. Өмнө нь С.Билэгттэй холбоотой олон мэдээлэл ирсэн.

Харин Г.Буяндорж нотлох баримттай, шүүхийн шийдвэрийн дугаартай материал барьж, надад хандсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол бууны нохой биш. Сэтгүүлзүй Г.Буяндорж, С.Билэгт хоёроор дуусахгүй. Олон нийтэд үйлчилдэг учраас олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдэг юм. Энэ үүргээ гүйцэтгэсний минь төлөө яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдүүлсэн юм. Бүтэн өдөр үргэлжилсэн шүүх хурал завсарлаж, өчигдөр 09.30 цагт үргэлжилсэн. Шүүх хуралд улсын яллагчаар Н.Мөнхжаргал, шүүгчээр С.Батжаргал нар оролцсон.

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т зааснаар бусдын нэр хүндэд санаатайгаар халдсан гэх үндэслэлээр яллаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн өчигдөр үдээс хойш шийдвэрээ гаргаж, “Ноёд” группын захирал Г.Буяндоржид 3.3 жилийн хорих ял оноолоо. Түүнтэй хамт шүүгдэж байсан Батдорж, Дамдиндорж нарт тус бүр зургаан сарын хорих ял оноож, Ууганбаярыг цагаатгасан бол сэтгүүлч С.Баттулгыг “Бусдын нэр хүндэд халдсан” хэмээн үзэж, цалингийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох шийдвэр гаргасан юм.

Өөрөөр хэлбэл, сэтгүүлч С.Баттулгад үүсээд байсан эрүүгийн хэргийн 111.3 гэх зүйл ангийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 болгон өөрчилж, хоригдож байсан хугацааг тооцон нийт есөн сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Харин “Ноёд” группын захирал Г.Буяндорж шүүхээс өөрт нь оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж, давж заалдахаа мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top