Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ”NHК”-д ярилцлага өглөө

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 30

Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын хуралд оролцох үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы NHK телевизийн сурвалжлах багийнханд ярилцлага өглөө. Тус телевизийн сэтгүүлч, Ардчилсан сонгуулийн 25 жилийн ой болоод хоёр  орны харилцааны талаар Ерөнхий сайдаас сонирхсон байна.

1989 онд Берлиний хана нуран унасны дараа Зүүн Европын орнуудад эхэлсэн ардчилсан хувьсгалын буухиаг Ази тивд зөвхөн Монгол Улс үргэлжлүүлж чадсан юм.  Тоталитар дэглэмийг эсэргүүцсэн Монголын ард түмэн Ардчилсан хувьсгалыг нэг ч буун дуу гаргалгүй, нэг ч хүний амь эрсдүүлэлгүй, нэг ч цонх хагалалгүй тайван замаар хийж, ялуулж болдгийг дэлхий дахинд харуулсан гэдгийг онцолжээ.

1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд түүхэндээ анх удаа бүх нийтийн сайн дурын үндсэн дээр  яс үндэс, угсаа гарал, шашин шүтлэг, нас хүйс, үзэл бодол  үл харгалзан хэн нэгэн урьдчилан томилогдсон хүнийг бус олон намаас дэвшүүлсэн төлөөллийг чөлөөтэй, шууд, нууц санал хураалтаар сонгох жинхэнэ ардчилсан сонгуулийн үндсийг тавьсан юм. Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн энэ баярын утга учир, агуулгыг онцгойлон тэмдэглэх үүднээс Монгол Улсын Засгийн газар жил бүрийн 7 дугаар сарын 29-ний өдрийг Бүрэн эрх- Ардчилсан сонгуулийн өдөр болгох шийдвэрийг ойн босгон дээр гаргалаа гэж сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.

Монгол Япон хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд энэ оны хоёрдугаар сард Япон улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Япон улсын Ерөнхий Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээр хийсэн, мөн Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээр хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна.  Монголл, Япон улс зөвхөн эдийн засаг бус хоёр орны ард түмний харилцан итгэлцлэл, соёл, хүмүүнлэгийн болон бусад олон талт харилцаанд ихээхэн амжилт олно гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярилцлагадаа дурджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top