Хөрсний бохирдлоос болж хотод тарьсан нарснууд үхжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

Занабазарын гудамжинд тарьсан моднуудын тал хувь нь үхсэн учраас дахиж хөрөнгө гарган, суулгахаар болжээ. Гандангаас Баруун дөрвөн зам хүртэлх уг гудамжинд уг нь 200 ширхэг ойн нарс модыг 2009 онд суулгасан байна. Гэтэл ойн нарс мод нь хөрс, агаарын бохирдол ихтэй, дээрээс нь хүн амын суурьшлын бүсэд ургах чадвар тааруу байдаг аж. Тиймээс зургаан жилийн өмнө суулгасан 200 модны 100 гаруй нь үхсэн байна. Тиймээс Нийслэлийн захирагчийн ажлын албаны ногоон байгууламжийн мэргэжилтнүүд газар дээр нь очиж тооллого хийжээ.

Мэдээж нийслэлийн хөрс, агаарын бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрсэн нь нарс мод ургахгүйн шалтгаан болсон гэв. Үүнээс гадна Гандан орчимд аж төрж буй иргэдийн ухамсаргүй байдал ч моднууд олноороо үхэх шалтгаан болсон гэдгийг хэллээ. Ямартай ч Занабазарын гудамжинд тарьсан модны тал хувь нь нэгэнт сэргэхгүй нь тодорхой учраас ирэх намар нэмж мод тарихаар болжээ. Ингэхдээ нийслэлийн хөрсөнд тохиромжтой, дасан зохицох чадвартай модыг сонгож, суулгах юм байна. Одоогоор нэмж мод суулгах ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн нь тодорхойгүй байгаа юм.

“УСАЛГААНД ӨНДӨР ЗАРДАЛ ГАРЧ БАЙНА”

Энэ жил хөдөө орон нутагт гантай байгааг хэн хүнгүй ярьж, бүр халаглаж байгаа. Тэгвэл энэ их халуун, ган гачиг нийслэлийн ногоон байгууламж, нийслэлчүүдийн амьдрах орчинд ч сөргөөр нөлөөлж байгаа ажээ. Учир нь энэ жил ногоон байгууламжид 5.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ хөрөнгөөр 550 мянган мод сөөг, 400 мянган цэцэг, 200 мянган м2 зүлэг тарьсан билээ. Нэгэнт багагүй хэмжээний хөрөнгө гаргаж тарьсан ногоон байгууламжаа наранд хатааж, үхүүлэхгүйн тулд усалгаанд их хэмжээний зардал гаргажээ.

Энэ талаар НЗАА-ны ногоон байгууламжийн мэргэжилтэн Л.Баатарцогт “Тарьсан хэдэн мод, ургамлаа үхүүлэхгүйн тулд усалгаанд нэлээн зардал гаргасан. Өмнөх жилүүдэд долоо хоногт нэг усалдаг басйан газрыг энэ жил гурав хоногт нэг услах жишээтэй байгаа” гэв. Энэ жилийн хувьд мод, ургамлын ургалт 80-аас дээш хувьтай байгаа аж. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад сайн үзүүлэлт юм. Нэгэнт хөрөнгө гарган, мэргэжлийн цэцэрлэгчид, цэцэг ногоо ургуулагчдыг хүртэл бэлдсэн учраас мод, ургамлын ургалт сайжирсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Худалч юм да(202.21.111.141) 2015 оны 08 сарын 04

Эдгээр модыг анх суулгаж байхад л шарлаад үхсэн байсан шүү дээ. Худлаа ярих юм

0  |  0
Top