Иргэдийн төлөөлөл З.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгнө

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 03

Үндэсний мэдээллийн төвд өчигдөр Төрийн албан хаагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн З.Энхболд, Я.Эрдэнэсайхан нар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгөх гэж буй талаараа мэдээлэл хийлээ.

Тэд “УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган хуралдуулах 156 тоот захирамжийг долдугаар сарын 28 –ний өдөр гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид ээлжит бус чуулганыг ирэх сарын 3-14-нд зарлан хуралдуулж, зургаан асуудлыг хэлэлцэхээр болсон юм.

Үүнд, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хууль, холбогдох бусад хууль, Галт зэвсгийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр заасан.

Энэхүү захирамж нь Монгол улсын үндсэн хууль болон УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Тиймээс энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана” гэдгээ мэдэгдэв.

Мөн төрийн албан хаагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүд нь энэхүү захирамжийг үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд хууль тогтоох байгууллагын дарга нь өөрөө хууль эрхзүйн мэдлэгтэй хүн хэрнээ энэхүү захирамжаараа хууль зөрчиж буй нь эрх зүйт нийгэмд байж болохгүй зүйл. Энэ нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж буй хэрэг” гэдгийг онцлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top