Зургаан сайдын асуудлыг хэлэлцэж амжихгүй бол дахин ээлжит бус чуулган зарлана гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралджээ. Тус намын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Галт зэвсгийн тухай хуулийн төслийг 100 хувь дэмжихээр санал нэгдсэн талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийхдээ онцлов. Харин Засгийн газрын 6 сайдыг огцруулах талаар “Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх асуудал процессын хүрээнд явж байгаа гэж Ерөнхий сайд хэлсэн. Одоогоор Ерөнхийлөгчтэй энэ асуудлаар зөвшилцөж байгаа. Зөвшилцлийн хугацаа тав хоног байдаг бөгөөд энэ хугацаа дуусахаар УИХ-аар хэлэлцэх боломжтой болно. Ээлжит бус чуулганы хугацаанд Ерөнхий сайд 6 гишүүнийхээ асуудлыг оруулж ирвэл УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Амжихгүй бол дахин ээлжит бус чуулган зарлах асуудал үүсч магадгүй” гэлээ.

-Cэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулт өгсөн юм-

-Ерөнхий сайд ҮЗХ-г сайд нарын асуудлыг хэлэлцэж эхлэхээс өмнө хуралдуулах шаардлага хүргүүлсэн. ҮЗХ хэзээ хуралдах вэ. Энэ талаар бүлэг дээр ярьсан уу?

Б.Гарамгайбаатар: -Ерөнхий сайдаас Ардчилсан намын даргад өгсөн албан бичгийн дагуу ҮЗХ хуралдуулах талаар бид ярьсан. Гэхдээ үүнийг Ардчилсан намын өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрмийн хүрээнд шийднэ гэдгийг албан ёсоор хэлье. Улс төрийн намуудын тухай хууль батлагдаагүй байгаа учраас АН- ын хуучин дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байна. АН-ын дүрэмд, намын дарга ҮЗХ-ны хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргах эрхтэй. Мөн ҮЗХ-ны нийт гишүүний гуравны нэг нь санал гаргасан тохиолдолд хуралдах боломжтой. Гэхдээ намын дарга эцсийн шийдвэрийг гаргадаг.
 
Ш.Түвдэндорж: -Ардчилсан нам УИХ-д олонхи болоогүй учраас намын дарга заавал Ерөнхий сайд байх албагүй. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал ийм байхыг шаардаж байна. МАН-ын зургаан сайдыг солихыг аль хэдийн шийдчихсэн асуудал. Хэрэв энэ асуудлыг УИХ-аас өргөн барьсан байсан бол шууд хэлэлцээд явах ёстой. Ерөнхий сайд өргөн барьж байгаа учраас хуулийн дагуу ажлын тав хоногт багтаж Ерөнхийлөгчтэй зөвшилцөх учиртай. Өнгөрсөн баасан гарагт өргөн барьсан болохоор энэ долоо хоногтоо багтаж хариугаа өгөөд, чуулганаар хэлэлцэнэ.
 
-Хэрэв МАН-ын бүлгээс Засгийн газрыг бүхэлд нь огцруулах шаардлага тавиад, үүнийг танай бүлгийн гишүүд дэмжвэл яах вэ?
 
Ш.Түвдэндорж: -Засгийн газрын танхимыг бүхэлд нь огцруулах санал гаргаж, түүнийг нь Ардчилсан намын гишүүн дэмжвэл дараагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхийг нь хасах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top