Үхэр хэдгэнэд хатгуулсны улмаас амиа алдсан байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн долоо хоногт төрөл, зүйл нь тодорхойгүй шавжинд хатгуулсан гурван иргэн эмнэлэгт хандсан байдаг. Харамсалтай нь, тэдний нэг нь шархаа даалгүй нас барж, үлдсэн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа талаар албаны хүмүүс хэлэв.

Дээрх үйл явдалтай холбогдуулан Эрүүл мэнд, спортын яам болон холбогдох байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч, Эрдэнэцагаан сум руу шинжээчдийн багийг томилсон бөгөөд мэргэжилтнүүд нас барсан иргэнийг ямар төрөл, зүйл ангийн шавжинд хатгуулсан болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. Гэхдээ талийгаач А-гийн задлан шинжилгээний хариу гарах болоогүй байгаа бөгөөд үхлийн шалтгаан нь тодорхойгүй байгаа юм.

Шинжээчдийн мэдээлснээр бол хүний аминд хүрсэн байж болзошгүй үл мэдэгдэх шавж нь үе хөлтний хүрээний шавжийн зүйлийн сарьсан далавчтаны ангийн зөгийн овгийн үхэр хэдгэнэ аж. Уг үхэр хэдгэнэ нь улсын хэмжээнд өргөн тархалттай шавж тул холбогдох байгууллагаас зарим арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.

Тухайлбал, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтан, мэргэжилтнүүдтэй цахим хурал хийж, шавжинд хазуулж эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүний мэдээллийг цуглуулж, тандалт судалгааг идэвхжүүлэхээр болсон байна.

Түүнчлэн олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хар хорхойд хазуулсны улмаас хүн нас барсан тухай мэдээлж байгаа нь албан бус мэдээлэл болохыг онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top