Даншигаар бөхчүүдийг сугалаагаар барилдуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 05

Наадмын өмнө Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүний магнайд гарах асуудал иргэдийг дээр, дооргүй хоёр хуваасан. Энэ асуудлаас болсон уу юутай ч, даншигаар бөхчүүдийг цолны эрэмбээр бус сугалаа сугалуулж оноолтоор барилдуулахаар болжээ.

Монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээж, Бурхны шашинтай Монгол туургатнуудын эв нэгдлийн баяр болгон тэмдэглэхээр зорьж буй. Энэхүү даншиг наадмаар 256 бөх барилдаж, гурван насны хурдан морьдын уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Ингээд даншиг наадмын талаар Нийслэлийн Биеийн тамир спортын газрын дарга Ж.Ганболдоос тодрууллаа.
 
-Даншиг наадам хэдэн өдөр үргэлжлэх вэ. Наадам зохион байгуулах бэлтгэл ажил хэр явагдаж байгаа талаар тодруулаач?

-Монголын бурхны шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг-Хүрээ цам” наадмыг хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа, үндэсний бөхийн барилдааныг энэ сарын 08-09-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Ажлын хэсгийн хуралдаанаас гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, гарын даа, ерөнхий цэц, хөлийн цэц, засуул, бөх тайлбарлагч, эмчийг томилон ажиллуулахаар болсон.

-Үндэсний бөхийн барилдаан хэчнээн бөх барилдах. Цолны асуудлыг хэрхэн шийдэж байгаа бол?

-Барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол, зэргийг харгалзахгүйгээр сугалаагаар барилдах болно. Монголын бурхан шашинтны төв гандан тэгчэнлин хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд Даншигийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншигиийн Заан, зургаа давсан бөхөд Даншигийн чимэгтэй Начин, тав давсан бөхөд Даншигийн Начин цолыг тус тус олгож үнэмлэх, тэмдгийг гардуулна. Гэхдээ энэхүү олгосон цол, чимэг нь зөвхөн “Даншиг-Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчилнэ.

-Барилдах бөхийн бүртгэл хэзээ, хаана болох вэ?

-Үндэсний бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг энэ сарын 07-ны өдрийн 09:00-18:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны байр /хуучнаар Хоршоолол нийгэмлэг/-нд бүртгэх бөгөөд бүртгэлийг 256 бө¬хөөр тасалбар болгож хаана. Улсын чанартай бөхийн барилдаан шиг цолтой бөх нэмж бүртгүүлэх бол залуу бөхчүүдийг хасаад барилдуулдаг зүйл гаргахгүй. Түрүүлж ирээд бүртгүүлсэн 256 бөхийг л барилдуулах болно. Мөн бүртгэлийн үеэр нэгийн давааны сугалааг барилдах бөхөөр биечлэн сугалуулж оноолтыг хийх тул барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай. Аймгууд болон дүүргүүд барилдах бөхчүүдийнхээ мэдүүлэг /Тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажсан/-ийг энэ сарын 06-ны өдрийн дотор багтааж нийслэлийн Биеийн тамир, спортын газарт ирүүлэх хэрэгтэй.

-Тэгвэл барилдаанд улсын цол хамаарахгүй сугалаа сугалуулж оноолтоор барилдуулна гэсэн үг үү?

-Бөхийн барилдааны 2-7-гийн даваа бүрт барилдах бөхчүүдийн сугалааг сугалуулж оноолтыг хийж барилдуулах бөгөөд сугалах дарааллыг тогтоохдоо тухайн даваанд барилдах бөх ижил тоо сугалсан бөхтэйгээ барилдана. Тухайлбал, 10-ын тоог сугалсан бөх мөн 10-ын тоо сугалсан бөхтэйгээ барилдана. Түрүүлсэн бөхөд алтан медаль, үзүүрлэсэн бөхөд мөнгөн медаль, их шөвөгт үлдсэн бөхчүүлд хүрэл медаль тус тус олгоно. Түүнчлэн  “Даншиг-Хүрээ цам” наадмын үндэсний бөхийн барилдааны даваа бүрт мөнгөн шагналыг олгоно.

-Наадмын хурдан морины уралдаанд хэдэн нас уралдах вэ. Бүртгэлийг хэзээ явуулахаар төлөвлөж байгаа?

-Хурдан моринд азарга, их нас, соёолон насны цэвэр цусны монгол морь, жороо морины уралдаан болно. Бүртгэлийг энэ сарын 07- ны өдөр Хүй долоон худагт хийнэ. Дашрамд дуулгахад, эрлийз морьдыг уралдуулахгүй. Учир нь даншиг наадамд эрлийз морь уралдуулдаг уламжлал байгаагүй.

-Сурын харвааны бүртгэл хаана болох вэ?

-Үндэсний сурын харваанд оролцох харваачдыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын Сурын талбайд энэ сарын 07-ны өдөр бүртгэнэ. Сурын харваанд спортын цол тэмдгийг нь гардуулах болно.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(150.129.143.200) 2015 оны 08 сарын 05

Id ajliin uer ju ve?

0  |  0
зочин(202.21.124.130) 2015 оны 08 сарын 05

Ерөнхий сайд наадам хийхгүй гээ биз дээ, Батүүл эсэргүүцээд байгаам уу, АН-ын хоорондын тэмцэлд ард түмэн хохирч байх ёстой юм уу

0  |  0
Top