Энэ жил 27 мянган хүүхэд цэцэрлэггүй хоцорно

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 20

Цэцэрлэгийн бүртгэл ирэх 24-28-нд үргэлжилнэ. Энэ жилийн хувьд сургуулийн өмнөх боловсролд 116 мянга 500 хүүхэд бүртгэнэ. Үүнээс 78 хувь буюу 90 мянга орчмыг нь улсын болон хувийн цэцэрлэгт хамруулах боломжтойг Нийслэлийн боловсролын газраас дуулгалаа. Ингэхээр нийслэлийн хэмжээнд 27 мянга орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг авч чадахгүй гэсэн үг юм.

Урьдчилсан байдлаар нийслэлд төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 нийт 632 цэцэрлэг хүүхэд хүлээн авах аж. Үүнд анги дүүргэлтийн стандарт зэргийг урдын адил зөрчиж, 91687 хүүхэд сурч, хүмүүжих боломжтой байгаа юм. Энэ нь 2012-2013 оны хичээлийн жилтэй харьцуулахад 26.022 хүүхдээр илүү гарсан үзүүлэлт болж байна. Тодруулбал дээрх онтой харьцуулахад цэцэрлэгийн хүртээмж 6.2 хувиар тэлжээ.

Гэсэн хэдий 27 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахгүй, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг харамсалтай мэдээлэл юм. Энэ жилийн хувьд мөн л анги дүүргэлтийн стандартыг мөрдөхгүй. Нэг танхимд 50 орчим хүүхэд багтаж ядаад өмнөх жилүүдийн адил сууна. Ийм байхад цэцэрлэгийн үүд сахиж хонох нь эх эцгийн буруу биш. Тиймээс эцэг эхчүүд бүртгэл эхлээгүй байхад буюу өнгөрсөн сарын 28-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 168, гуравдугаар цэцэрлэгийн гадна дугаарласан байна.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар бүртгэлийн явцад ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй гэнэ. Мөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх л байхад хангалттай аж. Харин цэцэрлэгийн эрхлэгч, багш нарт зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авах тухай чиглэлийг өгөөд байгаа аж.

ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГӨ НЭМЭГДЭХГҮЙ

Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 8-10 цаг ажилладаг цэцэрлэгт 1650, 24 цагаар ажилладаг сувиллын болон тусгай цэцэрлэгт 2400 төгрөг болгон нэмэгдүүлсэн гурван жилийн өмнөх шийдвэр хэвээрээ байх нь.

Үүнээс өмнө өдрийн хоолны зардал 1100 төгрөг байв. Үнэндээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зардал сараар биш өдрөөр өсч байгаа энэ үед бага насны хүүхэд 10 цагийн хугацаанд 1650 төгрөг буюу хоёр ширхэг буузны өртөг бүхий хүнсээр тэжээл хийнэ гэдэг хатуу шалгуур.

Энэ бүхний ард эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг хүүхдэд шаардлагатай амин дэм, эрдэс, тэжээл зэргийн тухай ярих ямар ч шаардлагагүй болж байна. Тэр ч бүү хэл сургууль цэцэрлэгийн хүртээмж муутай энэ үед аав ээжүүд хүүхдээ цэцэрлэгт оруулах тухай л бодохоос хоол хүнсний тал дээр анхаарах сөхөөгүй байгаа билээ.

УЛСЫН ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ ХҮЧИНТЭЙ ГЭСЭН БУРУУ ОЙЛГОЛТ

Цэцэрлэгийн насны хүүх дүүдээс шээс, цагаан хорхойн шинжилгээ авдаг тухай бид мэднэ. Тус шинжилгээг ирэх 22-оос эхлэн авах нь зүйтэй тухай албаныхан зөвлөмж гаргажээ. Учир нь таны хүүхэд цэцэрлэгт орох нь баттай болсоны дараа шинжилгээгээ өгч эхэлнэ гэсэн үг юм.

Иймээс есдүгээр сарын 1-нд шинжилгээний хариу бэлэн байхад л болох юм. Харин эцэг, эхчүүдийн дунд “Зөвхөн улсын эмнэлгийн дүгнэлт хүчинтэй” гэсэн буруу ойлголт түгжээ. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Н.Отгонбагана “Манай улсад лабораторийн үзлэг, шинжилгээ хийх эрхтэй бүх эмнэлгийн хариуг хүлээн зөвшөөрнө” гэв.

ЦЭЦЭРЛЭГТ ОРОХ ЭРХИЙГ СУГАЛААГААР АВНА

Хүүхдүүдээ цэцэрлэгт оруулах гэсэн иргэдийн дугаарлаж зогсох, хонож, өнждөг байдлыг хазаарлахын тулд энэ жил цөөн тооны цэцэрлэгт элсэлтийн тасалбар тараах журам хэрэгжүүлэхээр болжээ.

Ингэхдээ хүүхдүүдийг сугалаагаар тодруулах болсон тухай мэдээлэл аав, ээжүүдэд хүрчээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар өнгөрсөн жил энэ журмыг Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт туршсан гэнэ. Гэвч Баянзүрх дүүргийн найм, 82, 108, 115 дугаар цэцэрлэгт хүүхдээ өгөх гэсэн иргэд бухимдан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд цуглав.

Тэдний үзэж буйгаар дугаарлаж зогсоод түрүүлж бүртгүүлсэн нь цэцэрлэгтэй үлдсэн дээр аж. Үнэндээ сургуулийн өмнөх боловсролыг олж авна гэдэг аз мэдэх хэрэг биш юм. Энэ бол үндсэн хуульд тодорхой заасан хүний түгээмэл эрх билээ. Гэтэл энэ байдлыг азын сугалааны тохирлоор шалгаруулах гэж буйд тэд ийн эсэргүүцжээ.

ХАХУУЛЬ АВЧ ХҮҮХЭД ОРУУЛСАН ГАНЦ Ч БАРИМТ БАЙДАГГҮЙ

Нийслэлийн Боловсролын газарт сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас хахууль авч, хүүхэд оруулсан ганц ч тохиолдол бүртгэгдээгүй гэнэ. Тэгэхээр энэ байдалтай холбогдуулан шийтгэл хүлээж, зэмлэл хүртэж байсан цэцэрлэгийн эрхлэгч, багш манай улсын нийслэлд нэг ч байгаагүй гэсэн үг болж байна. Харин бодит байдал дээр олны гомдол ямагт эсрэг зүгийг заадаг.

Цэцэрлэгийн багш, эрхлэгч нар хахууль авдаг, хандивын анги нэрийдлээр мөнгө авч хүүхэд элсүүлдэг тухай гомдол жилийн жилд л гардаг. Тэр ч бүү хэл цэцэрлэгт хүүхэд оруулахад тодорхой хэмжээний босго ханш тогтсон байдаг тухай ч олон иргэн өгүүлдэг билээ.

46 ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ

Улсын төсвийн хөрөнгөөр 40 барилга, орон нутгийн төсвөөр гурав, концессийн гэрээгээр нэг, буцалтгүй тусламжаар нэг ний т46 цэцэрлэг, 12 сургууль энэ хичээлийн жилд ашиглалтад орохоор төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд 152 хороо байдгаас 33 хороо огт цэцэрлэггүй. Хэрэв төлөвлөгөө ёсоор дээрх тооны цэцэрлэг ашиглалтад орвол 20 хороо өөрийн гэсэн цэцэрлэгтэй болох юм.

Салбарын яамны мэдээлж буйгаар хичээлийн шинэ жил эхлэхэд 10 гаруй цэцэрлэг анхны элсэгчээ хүлээн авахад бэлэн болох гэнэ. Харин үлдсэн хэсгийн хувь заяа үнэнийг хэлэхэд үнэхээр бүрхэг байгаа. Маш товчхондоо гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан, ам.долларын ханш өссөн зэрэг үндэсний эдийн засагт таагүй мэдээлэл олон байгаа нь цэцэрлэг сургуулийн барилгад хөрөнгө оруулах мөнгө байхгүй, баталсан төсөв нь хүрэлцэхгүй гэсэн хариултад эрхгүй аваачиж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top