“Буянт-Ухаа-2” хорооллын ам.метрийн үнийг 1 сая 350 мянган төгрөгөөр тогтоолоо

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 21

ИРЭХ ДОЛОО ХОНОГООС БОРЛУУЛАЛТАА ЭХЛҮҮЛНЭ

Нийслэлд ажиллаж, амьдарч буй иргэдийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг гэх судалгаа бий. Тэдний олонхи нь орон сууцтай болохыг мөрөөдөж, тэр хэрээр өдөр, шөнийг ялгалгүй нойр, хоолгүй хөдөлмөрлөж байна. Өнгөрсөн хугацаанд барилгын компаниуд тохилог, тав тухтай орон сууцанд амьдрахыг хүссэн иргэдийн эрэлтэд дөрөөлж ам.метрийнхээ үнийг нэмж, орон сууцны үнийг хөөрөгдүүлсэн. Харин сүүлийн жилүүдэд төр, засгийн зүгээс иргэдээ хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр байрны зээлд хамруулах болсон билээ. Үүний нэг нь “Буянт Ухаа1”, “Буянт Ухаа 2” хороолол юм. Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн иргэдийн дунд хүлээлт бий болгоод буй “Буянт Ухаа2” хороолол хэзээ борлуулалтаа эхэлж, ашиглалтад орох талаар уншигчдад тодорхой мэдээлэл хүргэх үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.
 
                   ДЭД БҮТЦИЙН АЖИЛД 10 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ
 
Өнгөрсөн оны хавар “Буянт-Ухаа-1” хороолол ашиглалтад орсон бол “Буянт-Ухаа-2” хорооллын барилга, угсралтын ажил тухайн оныхоо тавдугаар сард эхэлсэн. Анх төлөвлөсөн ёсоор бол “Буянт-Ухаа-2” хорооллыг 2014 оны өвөл Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах байв. Харамсалтай нь, хөрөнгө санхүүгийн гачигдлаас болж ийнхүү өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна. Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа-2” хороололд 48 блок байр барих ёстойгоос 30-ийг нь барьж, дуусах шатандаа оржээ. Гэвч дэд бүтцийнх нь ажил эхлээгүй, хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа аж. Энэ талаар Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн ерөнхий захирал А.Гантулга хэлэхдээ, “Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкнаас 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тэрхүү мөнгийг одоо болтол шийдээгүй байна. Уг нь, гадна талын инженерийн шугам сүлжээний ажлыг улсын мөнгөөр хийж, гүйцэтгэх ёстой. Ойролцоогоор 10 гаруй тэрбум төгрөг шаардлагатай юм.
 
Гэвч бид өөрсдөө арилжааны банкиудаас зээл авч, асуудлыг шийдвэрлэж байна. Хэрэв Хөгжлийн банк санхүүжилтийнхээ асуудлыг шийдчихвэл “Буянт-Ухаа-2” хороолол энэ ондоо багтаж ашиглалтад орно” гэв. Нөгөөтэйгүүр санхүүжилтийн асуудал дээр ийнхүү гацсан нь шаардлагатай хөрөнгө, мөнгийг 2015 оны улсын төсөвт суулгаж өгөөгүйтэй холбоотой аж. Учир нь, тухайн үед “Буянт-Ухаа-2” хорооллын зураг төсөл нь бэлэн болоогүй байжээ. Иймд УИХ-ын гишүүд “Зураг төсөл нь гараагүй барилгын ажлыг санхүүжүүлэхгүй” гэх шалтгаанаар төсөвт тусгаагүй байна.
 
“БУЯНТ-УХАА-2”-Т БАЙР АВАХЫГ ХҮССЭН ИРГЭДЭД 10 ХУВИЙН УРЬДЧИЛГАА ЖУРАМД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
 
Төр, засгийн захиалгаар барьж буй, харьцангуй хямд үнэтэй “Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд байртай болохыг хүссэн иргэдийн хамгийн их сонирхож, чих тавин чагнаж байсан зүйл бол ам.метрийн үнэ юм. Хэдийгээр “Буянт-Ухаа-2” хорооллын байрны ам.метрийн үнийг зах зээлийн ханшаас харьцангуй бага, өмнө нь ашиглалтад орсон “Буянт-Ухаа-1” хорооллынхоос арай өндөр үнэтэй байна гэдгийг албаныхан онцолж байсан. Тэгвэл саяхан Төрийн орон сууцны корпорациас “Буянт-Ухаа-2” хорооллын байрны ам.метрийн үнийг нэг сая 350 мянган төгрөг байхаар тогтжээ. Түүнчлэн хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдчихвэл энэ өвлөөс өмнө ашиглалтад орох боломжтойг онцолж байна.
 
Үүнээс гадна тус хорооллоос орон сууцтай болохыг хүссэн иргэн 10 хувийн урьдчилгаа зээлд хамрагдах боломжтой гэдгийг ч хэллээ. Учир нь, Засгийн газрын хуралдаанаар байрны урьдчилгааны 30 хувийн 20-ийг нь Нийгмийн даатгалын сангаас, үлдсэн 10 хувийг нь хувь хүн өөрөө гаргах шийдвэр гаргасан билээ. Нөгөөтэйгүүр тус орон сууц хөтөлбөрт хувийн хэвшлийнхнийг түлхүү хамруулахаар болсон. Хямд үнэтэй орон сууцны хаалгыг хувийн хэвшлийнхэнд нээж өгснөөр дараагийн орон сууцыг барих санхүүжилтийн эх үүсвэрийг босгох гарц хэмээн албаныхан үзэж буй юм. Харин “Буянт-Ухаа-2” хорооллын борлуулалтыг ирэх долоо хоногоос эхлэх талаар эх сурвалж өгүүлэв. Түүнчлэн энэ талаар Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн удирдлагууд ирэх долоо хоногт албан ёсоор мэдээлэл өгөхөөр болжээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top