Нарантуул зах орчмын гэр хорооллын хөрсийг шинжилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 22

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд Нарантуул зах орчмын гэр хорооллын гурван хэсэг газраас хөрсний дээж авч шинжилсэн бөгөөд шинжилгээний хариуг танилцуулж байна.

Тус шинжилгээний дүнгээс үзэхэд хөрсөнд хүнд металлын бохирдолгүй боловч хог хаягдлаас үүдэлтэй нянгийн болон гадаргын бохирдолт ихтэй байгаа нь анхаарал татаж байна. 1 г хөрсөнд агуулагдах нянгийн нийт тоогоор хөрсийг 4 зэрэгт хуваадаг бөгөөд нянгийн тоо 1-1.5 сая байвал цэвэр хөрс, 2 сая бол бага зэрэг бохирдсон, 2.5-3 сая байвал дунд зэрэг бохирдсон, 3-5 сая түүнээс дээш бол их бохирдсон гэж үздэг.

Шинжилгээ хийсэн дээжнүүд нянгийн тоогоор их бохирдолттой (2,9-7,3 сая) дээж байсан бөгөөд гэдэсний савханцрын титр 0.01-0.001 буюу их бохирдолттой дээжнүүд байгаа юм. Тиймээс хатуу хог хаягдлыг тогтмол цуглуулж зайлуулах, хог хаягдал байсан газрыг хөрсжүүлэх, зүлэгжүүлэх, иргэдийн зүгээс гараа тогтмол угааж хэвших, бохирлогдсон орчинд хүүхдийг тоглуулахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг тогтмол хийж хэвших, стандартын бие засах газрыг бий болгож, бохирын цооногтой болохыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс анхааруулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top