Х.Баянмөнх: Самрын яс бол хог биш дэлхийн зах зээлд гаргах Монголын баялаг

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 24

Жилийн жилд намрын улиралд гудамж, автобусны буудлаар хатсан навчтай хамт самрын яс хөглөрч байдаг. Самрын яс бол гудамж, талбай цэвэрлэдэг хүмүүсийн хамгийн их үзэн яддаг зүйл. Гэтэл энэ хог болсон эдийг эрдэм шинжилгээний түвшинд судалж, бүтээгдэхүүн болгож байгаа дотоодын үйлдвэрлэгч манайд байна. 2003 онд байгуулагдсан “Грийнпинус” компани Монголд огт ашигладаггүй самрын ясаар маш олон төрлийн эко бүтээгдэхүүн хийхээр төлөвлөжээ. Үүний эхлэл болсон самрын ясан дэр аль хэдийн худалдаанд гарсан байна. Самрын яс гэдэг хог биш баялаг гэдгийг хүмүүст ойлгуулмаар байна гэсэн “Грийнпинус” компанийн захирал Х.Баянмөнхтэй ярилцлаа. Тэрбээр анх 1990 оноос самар зарж эхэлсэн ч одоо дэлхийн зэх зээлд гаргах брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж явна.

- Самрын ясыг яаж чөмөгнөөс нь салгадаг вэ? Ямар техник, технологи ашигладаг вэ?

- Самрын ясыг боловсруулж бүтээгдэхүүн хийнэ гэдэг өнөөдөр гэнэт нээгдчихсэн шинэ зүйл биш л дээ. Самрын идээг яснаас нь салгах машиныг Cолонгос, Хятад, Япон гээд олон орон үйлдвэрлэчихсэн, дэлхийн зах зээл дээр худалдаалж байдаг. Бидний хувьд тоног төхөөөрмжийг нь худалдаж аваад түүнд нь тохирсон технологийн бага зэрэг өөрчлөлт хийсэн. Тэгээд л үйлдвэрлэл явагдаж байна.

- Самрын ясыг ялгах процесс хэрхэн явагддаг вэ?

- Манайд Хятад, Солонгос хоёр төрлийн машин байна. Эхлээд хог, хольцийг ялгадаг машинд хийнэ. Дараа нь ангилж сортлоно. Самрыг том, жижиг хэмжээнээс нь хамаарч найман төрлийн сортоор хувааж үздэг. Модны оройд ургасан нь арай том, доошлоод ирэхээрээ жижиг хэмжээтэй байдаг. Дараа нь чөмөггүй хоосон ясыг өөр машин руу ялгана. Хамгийн сүүлд цөмдөг машин руу ялгана. Цөмдөг машин нь чичирхийлэх хөдөлгөөнтэй хоёр том чулуун бултай. Самар инерцийнхээ хүчээр хоёр чулуун булны дунд унаад хавчуулагдана. Байнгын эргэлдэх процесс дунд явсаар байгаад  тухайн сортны хэмжээнд таарсан зузаавтар эргэдэг булаар ороод  хагарна гэсэн үг. Дараа нь ястай, чөмөгтэй, шар хальстай нь хатаалгын камер руу хийдэг. Яс, шар, хальстай нь хамт 24 цагийн турш 80 градуст халааж байж хүнсний бүтээгдэхүүн болно. Ааруулыг хатаахаар амттай болдог шиг самрыг хатаахаар мөн төгс боловсордог. Энэ бол ази технологи. Хатаалгаас гарч ирсэн самрын ясыг өөр машинаар том,  жижигээр нь ялгаж авдаг. Томоор нь дэр хийж дахин ангилдаг. Мөн ялгалтын явцад хагараагүй байвал гараар ялгаж авна. Самарнаас гарсан чөмөгний идээний бүрхүүл шар хальс хаталтынхаа явцад дахиад машинаар орж цэвэрлэгддэг.  Европ технолги нь машин нь өөрөө самраа угааж цэвэрлэдэг. Ингэхээр самрынхаа мөн чанарт нөлөөлж, удаан хадгалах боломжгүй болдог. Ази нь хадгалалт удаан байдаг гэх зэрэг бага зэрэг технологийн зөрүүнүүд байдаг.

Бичлэг: Цайруулсан самрын ясыг машинаар цөмж, ялгаж байгаа нь.

- Гар ажиллагаа хэр оролцдог вэ?

-Самрыг камерт хатаах явцад самрын идээний захын хэсэг нь шар туяа татах, чөмөг нь дундуураа хагарах нь бий. Ийм тохиолдолд гараараа ялгаж аваад 100 хувь цэвэр болгоно. Түүхий эдийн 10  хувьд нь хагарсан самрын идээ байдаг. Харин ясаар нь дэр хийхэд гар ажиллагаа огт ордоггүй, гараар ялгах боломж ч байхгүй.

- Самрын ясаар дэр хийе гэсэн санааг яаж олсон бэ?

- Би самрын ясаар хийсэн дэрийг 10 гаруй жил хэрэглэж, өөрийн биеэр туршсан хүн. Дэлхий олон оронд хэрэглээ болчихсон зүйл шүү. Зарим хүн самрын ясан дэр сайн гээд гадаадаас 25 доллараар аваад ирж байхыг мэднэ. Үнэхээр сайн уу,үгүй юу гэдгийг ард түмэн амьдарлаарааа туршаад үзчихсэн байдаг. Би өөрөө самартай газрын хүүхэд. Монголчууд уламжлалт хэрэглээ болгочихоод тоохгүй байгаа болохоос биш гадаадад бол маш үнэтэй. Тэр утгаар нь боломж байна гэдгийг олж харсан. Дэрлээд унтахад доороос халдаггүй, сэрүүн чанартай. Нухдаггүй, хэлбэр хэмжээгээ алддаггүй.  Дэрэнд самрын ясыг шар хальстай нь хамт хийдэг юм. Шар хальсанд нян эсэргүүцэх үйлчилгээтэй фермент  байдаг. Мөн ойр орчмынхоо агаарыг цэвэршүүлдэг. Хушин ой агаар цэвэрлэдэг учраас тусгай хамгаалалтад орсон. Тиймээс түүнээс гарсан яс хэчнээн боловсруулсан ч агаар цэвэрлэх чанараа алдаггүй. Мөн даралт тогтворжуулдаг сайн талтай. Ялангуяа толгой, шилэн хүзүү нь халаад байдаг хүүхдэд дэрлүүлбэл сэрүүн чанартай учраас тэр халж байгаа энергийг задалж өгдөг. Хоёр, гуравхан цаг унтахад тархи амарна. Манайхан бол өөрийнхөө өмд, цамцыг л дэрлэж унтаад байдаг.

- Нэг дэр хийхэд хэр зэрэг самар хэрэгтэй вэ?

- Нэг дэр хийхэд 10 гаруй кг самар ордог. Хүн ясыг амаараа цөмөөд дэр болгоно гэж хэцүү шүү дээ.  Самраа худалдаж авна, цэвэрлэж цөмөхөд асар их цаг хугацаа, хөдөлмөр орно. Тэгээд ч хөндлөнгөөр нь цөмсөн яс хоорондоо эвцэлддэггүй. Дундуураа хагарсан, босоогоороо хагарсан хоёр өөр байдаг. Тиймээс манай худалдаж байгаа үнэ харьцангүй хямд гэж болно.  Манай дэр 15 мянгаас 30 мянган төгрөгийн үнэтэй. Хэрэглэгчтэй болохын тулд бага үнээр зарж байгаа.

-Түүхий эд болох самраа хаанаас түүдэг вэ?

- Орон нутаг, сумтай гэрээ хийдэг. Яамныхан энэ жил самар ургасан гэсэн мэдээг аваад нягталж, судалгаа хийгээд үйлдвэрлэлийн зорилгоор ийм газруудаас самар авч болно гээд сайдын тушаал гаргадаг. 10-р сарын 15-наас самар гүйцэд боловсрох үеэр зөвшөөрөл өгдөг. Энэ үеэр самар бүрэн боловсордог учир үйлдвэрлэлийн шатанд хоргодол бага байдаг юм. Бид орон нутагт нь  нэг килограмм самарт 800 төгрөгийн татаас төлдөг. Тэгээд сумын захиргаатай гэрээ хийсний дараа иргэдтэй гэрээ хийдэг.

Самартай нутгийн иргэд бол олон жил бэлдээд сурчихсан байдаг л даа. Жишээ нь самар ургасан жил Сэлэнгийн иргэд баяждаг. Өнгөрсөн жил 7000-8000 тонн самар гарсан. Нэг кг нь 7000 төгрөг гэж тооцвол зөвхөн самар түүж зараад 4 тэрбум 900 сая төгрөгийн орлого олсон байна. Монголын самрын нөөц бага ургасан үедээ жилд 5-7 тонн, арвин үедээ  50-60 мянган тонн байдаг.

- Самрын ясаар дэрнээс өөр ямар бүтээгдэхүүн хийж болдог вэ?

- Самрын ясаар маш олон төрлийн бүтээгдэхүүн хийнэ. Одоогоор судалгаа, туршилт явагдаж байна.  Самрын ясаар омега гурав агуулсан эмийн бодис, цай, самрын тос, хавтан, паркет, өнгөлгөөний материал, камен зуухны шахмал түлш гээд гадагшаа экспортлох маш олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Манайх одоохондоо дэр, самрын тос, тосноос гаргасан цагаан хоолтой хүмүүс хэрэглэдэг шахдас хийхээр төлөвлөж байна.

- Цай хийнэ гэхээр сонин санагдаж байна л даа. Самрын ясаар хийсэн цай хүний биед ямар нөлөөтэй байдаг  вэ? Судалгаа байна уу?

- Манай ард түмэн туршаад, хэрэглээд үзсэн зүйлээ аман яриагаар дамжуулдаг. Бид үүнийг баталгаажуулахын тулд судалгааны ажил хийж байна. Самрын ясыг тээрэмдээд усанд найруулаад уухад сахарын өвчинд сайн гэдэг. Цай учраас дэлхийн зах зээлд гаргахын тулд баталгаатай, судалгаатай байх ёстой. Ерөнхийдөө бидний бодож байгаатай ойролцоо үр дүнтэй байх болов уу. Самар өөрөө удаан ургацтай, өндөр уураг агуулдаг  учраас хүний биед сайн гэдэг нь эргэлзээгүй.

- Тэгвэл самрын ясаар яаж эм хийдэг нь сонин байна?

- Самрын идээг дахиж шахаад тос хийж болно. Халуун болон хүйтэн гэсэн хоёр аргаар шахна. Хүйтэн аргаар шахсныг эмчилгээний зориулалтаар хэрэглэж болно. Омега 3 гээд зүрхний цусан хангамжийг сайжруулдаг витаминийг самарнаас гаргаж болно.

- Ингэхэд манай Монголын самар, самрын  яс бусад орныхоос юугаараа онцлог байдаг вэ? Судалж үзсэн үү?

- Самрын найрлагыг бид Япон, Тайван, Германд судлуулсан. Уур амьсгалын орчноосоо хамаарч хэмжээ нь давжаа байдаг ч уураг өндөр агуулсан. Хүний биед шингэдэггүй нэг ч бодис байдаггүй. Үл орлогдох амин хүчлүүд өндөр байдаг. Тодруулбал өөр бүтээгдэхүүнд байдаггүй амин дэмүүд их байдаг гэсэн үг. Манай Монголын самар ямар амин дэмээрээ илүү байгаа вэ гэсэн судалгаа явагдаж л байна.

- Самрын найрлага, түүгээр хийсэн бүтээгдэхүүний судалгааг  яаж хийдэг вэ? Танайхаас өөр самрыг судалж байгаа газар Монголд байдаг уу?

- Манайх тухайн чиглэлийн эрдэмтэн, судалгааны инститиутэд хандаад дээжээ явуулдаг. Манайхаас өөр газар Монголд байхгүй. Сүүлийн 10 жилд алга л байна. Цаашдаа боловсруулаад сурах байлгүй дээ.

- Самрын хог хаягдлыг бүтээгдэхүүн болгох, цаашлаад хэрэглээ болгоход ямар асуудал тулгарч байна вэ?

- Сонирхож, судалж байгаа хүмүүстэйгээ төр нь хамтарч ажиллах л чухал байна даа. Энэ салбарыг хөгжүүлье гэсэн хүмүүс байлаа ч төрийн бодлого алга. Олон ч хүн сонирхож орсон, олон ч хүн хууль эрх зүйн орчин нь болохгүй юм байна гээд замаас нь хаясан. Одоо ч тийм байгаа. Хятадууд л их ашиглах юм. Бүр сүүлдээ монголчууд ашиглаж чадахгүй гэсэн хандлагатай болсон байна.  Монголчууд юмаа ашиглаж чадахгүй бол хятадууд эзэн сууна. Монголчууд энэ салбартаа ороод төр нь дэмжээд явбал бүх талаас нь ашиглаад төгс хөгжүүлэхийг бодно. Дэлхийн зах зээл рүү гаргаж, ажлын байр нэмэгдүүлэх боломж  их бий.

- Хууль эрх зүйн орчны хувьд хамгийн бэрхшээлтэй ямар асуудал байдаг вэ?

- Байгаль орчин, ногоон хөгжлийн яамд самрын нөөц, түүхий эд нь харьяалагдаж ирсэн.  Үйлдвэрлэлийн бодлогыг энэ яамнаас аваад хаячихсан болохоор ямар ч хамаагүй болчихсон.  Зөвшөөрөл гэхэд л дур дураараа авч өгч байдаг. Энд  нэгдсэн бодлого байхгүй. Зөвшөөрлийг яам нь мэдээд байна уу, сумын захиргаа мэдээд байна уу гэдэг бүрхэг. Захиалагч нь орон нутаг нь юмуу яам нь юм уу гэдэг бас ойлгомжгүй байдаг. Мөн самрыг ховор ургамалд оруулсан мөртлөө татвар өндөр авдаг. 

Зөв бүтээгдэхүүнийг  зөв зах зээлд нь гаргаж чавдал эх орны хөгжилд нэмэртэй. Хэдэн хүнийг ажилтай байлгах гээд байгааг төр ойлгохгүй байна. Манай салбарт лав бодлогын уялдаа холбоогүй л гэж боддог. Монголын самар үйлдвэрлэгчдийн холбоог 2008 онд байгуулаад  хууль эрх зүйн талаас нь хөөцөлдөж байж шинэ журам батлуулсан. Самрын хэргээр цагдаа нар шоронд орж, хил дамнсан авилгын бизнес болж байна. Эхний ээлжинд самрыг хэрхэн  бэлдэх талаар журам боловсруулж өглөө. Харин одоо энэ салбарт хэнийг оруулах вэ гэдэг зохицуулах хэрэгтэй байна. Өөрсдөө хийж байгаа юмаа гадны хөрөнгө оруулагчидад өгөх хэрэг байхгүй. Дэлхийн зах зээл бэлэн авъя гэхэд заавал гадны хөрөнгө оруулагчид хэрэггүй.

- Зээл аваад самрын бизнесээ өргөжүүлэх боломж хэр байна вэ?

-Банкнаас ч зээл авах ямар ч боломжгүй байна. Ирэх жил самар  ургахгүй байх магадлалтай гээд банкууд зээл өгдөггүй, энэ талаар мэдлэг байдаггүй.  Уг нь барилгын салбар шиг улирлын шинжтэй ажил шүү дээ. Өвөл хавар нь бэлтгэлээ хийгээд зун намар нь борлууладаг. Ургах үеийг нь хүлээгээд нөөцөө авдаг тийм л бизнес. Уг нь зөв ашиглаж чадвал дэлхийн зах зээлээс валют оруулж ирэх зүйл. Нөөц бэлдэх асуудлаа шийдчихвэл бусад нь амархан.

Уул уурхай бол байгаль экологийг асар их сүйтгэдэг бизнес. Үүний хажууд самрын бизнес бол маш гэгээлэг гэж хэлж болохоор бизнес.

- Самрын дэр хийх техник худалдаж авах, ийм үйлдвэрлэл эрхлэхэд хэр хэмжээний хөрөнгө шаардагддаг бол?

- Гадаад орнуудад бол нэлээн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийн шаардлага тавьдаг. Манайх шиг ийм жижиг үйлдвэрийг босгоход нэг тэрбум төгрөг хэрэгтэй шүү.

- Борлуулалт ямар байна?

-Манай компани борлуулалтын туршилт хийж байна. Өргөн хэмжээнд худалдах боломж одоогоор алга. Гэхдээ “Гүүдпрайс” дэлгүүрээр зарж байгаа. Мөн сонирхсон хүмүүс жижиглэнгээр захиалаад авч байна. Хүмүүс хэрэглэж сураагүй байна л даа. Энэ дэрийг хэрэглэж үзсэн хүн буцаана гэж байхгүй. Бид зарахдаа бүх зааврыг нь өгөөд явуулчихдаг. Жишээ нь  цэвэрлэгээ гэхэд маш амархан.  Дээлний үсийг сэргээдэг шиг цэвэр агаарт салхинд тавихад өөрөө өөрийгөө нөхөн сэргээж цэвэрлэдэг.

- Самрын ясаар хийсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах боломж  хэр байдаг вэ?

- Зах зээл бол хангалттай бий. Бид самрыг одоо хагас боловсруулаад Хятад руу гаргаж байна. Хятадын 200 гаруй үйлдвэр үүнийг дахин 100 хувь боловсруулаад цаашаагаа зарж ашиг олдог. Монголчууд хагас боловсруулаад тал үнээр нь зарж байгаа гэсэн үг. Хэрэв бид 100 хувь боловсруулаад байвад мөнгө нь Монголдоо үлдэх юмдаа. Самрын яс бол хог биш дэлхийн зах зээлд гаргах Монголын баялаг гэдгийг ойлгоосой. 

Япон гэхэд самрыг экологийн цэвэр бүтээгдэхүүн гээд манайхаас татваргүй авахаар болсон. Солонгос, Япон гээд гуравдагч орнуудад самар өөрөө үнэ цэнэтэй бүтээгдэхүүн учраас экспортлох боломжтой. Манай дотоодын хэрэгцээнд гэвэл гудамжнаас худалдаж аваад самар цөмөж идэхээс өөр хэрэглээ алга л даа. Нөгөө хэсэг нь манай бүтээгдэхүүнийг гадагшаа явахдаа Монголын брэнд бүтээгдэхүүн гээд авч явдаг, бэлэглэдэг.

- Самрын ясыг ашигласан дараагийн бүтээгдэхүүнээ хэзээ гаргах вэ?

- Санхүүгийн боломж, хууль эрх зүйн орчинооос шалтгаалах байх. Үйлдвэрийн хүчин чадал сайжирвал бүтээгдэхүүний үнэ ч буурна. Худалдааны гэрээгээ хийгээд, нөөцөө сайжруулах хэрэгтэй. Захиалга аваад эхэлчихвэл байнга ажиллана даа.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НХТТ(202.179.24.9) 2017 оны 07 сарын 26

холбогдох утас бна уу хамтарч ажиллах хүсэлтэй бна

0  |  0
zochin(202.131.242.42) 2015 оны 08 сарын 24

der olm almaar bainaa, haag ni baina uu utasnii dugaar…???

0  |  0
Top