Иргэдийнхээ өмнөөс салаавч өгдөг төрийг яахин хүлцэн тэвчих билээ, Хотын дарга Бат-Үүл ээ!

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 24

Эзгүй хээр, эзэнгүй орхисон хонин сүрэг адил Монгол хүн хөөрхий. Тэдэнд эрүүл орчинд амьдрах, эрхээ эдлэх боломж яаж ч хичээгээд олдоно гэж үгүй, иргэддээ салаавч өгдөг төр оршин, омогшсоор байна. Аюултай, аймаар гэхэд хэт багадах үүний цаана бохир мөнгө, хууль бус үйлдлийн дор нэгдсэн, бас өөрсдийгөө улстөрийн нам хэмээсэн бүлэглэлүүдийн хоорондох цусан дайн явагдаж байдаг. Аймшиг, эмгэнэл нь энэ. Харин энгийн иргэд үүнийг мэдэх нэг нь мэдэх ч, мэдэхгүй нь дэндүү олон. Тэдний эрх, эрүүл орчинд амьдрах боломж хумигдсаар...

Бүтээн байгуулалт гэх нэрийн дор эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хасуулсан иргэдээр энэ удаад  БЗД-ийн VII хороо, Сансарын тунелийн зүүн талын таван давхар найм, найман орцтой, 30, 31 дүгээр байрны хөөрхий иргэд тодорч байна. Хоёр байрны дунд оршдог хүүхдийн тоглоомын талбай бүхий газрыг ухаж 100-гаад машины нүхэн граж барих эрх авсан “Абсолют ган” констракшн ХХК-ийн дарга гэх Батнасан  дөрвөн удаагийн дайралтаар 100-гаад залуугаар хамгаалуулан 2015 оны наймдугаар сарын 19, 20-нд иргэдээс хүүхдийн тоглоомын талбайг нь булаан авч хашаа хатган, ухаж эхлээд байна.

Үүнээс өмнө “Алтан овоо” СӨХ-ийн дарга Ш.Ганзориг болон иргэд, нийтийн эзэмшлийн газрыг нь БЗД мэдэлдээ авч, улмаар БЗД-ийн Засаг даргын Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан орлогч дарга С.Чулуунбатад гэрээгээр өгснийг мэдээгүй явжээ. С.Чулуунбат нь “Абсолют ган” констракшн ХХК-ийн  захирал Батнасангийн ах бөгөөд их мөнгөний үнэр авсан эдгээр хүмүүс одоо, инээн баясаж сууна. Тэд дүүрэг, хотоос зөвшөөрөл авсан ч оршин суугчдаас шударгаар, 70-аас доошгүй хувийн санал авах ёстой ч башир аргаар бодит бус санал цуглуулсан байна. Үүнийг мэдсэн 30-р байрны оршин суугчид  болон СӨХ, оршин суугчдын санал худлаа, бодит бус байна гэх үндэслэлээр гараж барихыг эсэргүүцсэн аж.

Иймээс иргэд болон СӨХ-ийн дарга Ганзориг нар дахин санал хурааж үр дүнгээр нь асуудлыг шийдье гэх саналыг, Хотын захиргааны зохих албаны хүмүүст тавьжээ. Гэвч яван явсаар Хотын захирагчийн ажлыг түр орлон буй хотын орлогч дарга Батаа, БЗД-ийн Засаг даргын Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан орлогч дарга С.Чулуунбат болон “Абсолют ган” констракшн ХХК-ийн Батнасан нарыг оршин суугчдын саналыг үл харгалзаж болно гэсэн шиг, нүхэн граж барих нь зөв гэсэн эцсийн шийд гаргажээ. Ингэж Б3Д-ийн 30, 31-р байрны иргэд, хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай гэгч харгислалыг эдэлж, эрхээ хасуулж орхив.

Ер нь бүтээн байгуулалт гэдэг нэрийн дор иргэд, оршин суугчдын эрх, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж хамар дор тань зөрчигдсөөр байгааг Хотын дарга Э.Бат-Үүл Та мэдэж байгаа болов уу!!! Тэр дундаа БЗД-ийн 30, 31-р байрны 256 өрх айл буюу 1000 гаруй хүний эрх зөрчигдөж буйг.

Тиймээс Хотын дарга Э.Бат-Үүл та энэ асуудалд цаг зав гарган анхаарал хандуулна уу! Үнэндээ хатуухан хэлэхэд, таны удирдлагад ажиллан буй зарим хүмүүс сүрэг хонин дунд орсон чоно мэт аашлан буйг зогсоож, иргэд биднийг эрхээ эдлэх боломжоор хангаж өгнө үү. Иргэдийнхээ өмнөөс салаавч өгдөг төр оршин, омогшсоор байхыг яахин хүлцэн тэвчих билээ, Хотын дарга Бат-Үүл ээ!

БЗД-ийн 30, 31-р байрны иргэд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(202.72.246.106) 2015 оны 08 сарын 24

Бат-Үүл наадахыг чинь яаж ч чадахгүй нэг хэсэг зөвшөөрөлгүй газар барилга барисан барилгыг нураана гэж том яриад байсан юу ч хийгээгүй хүн шүү дээ

0  |  0
Top