Тавантолгойн метаны орд 526 сая ам.долларын үнэтэй юу 1 тэрбум ам.долларын үнэтэй юу

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 25

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1700 жилийн нөөцтэй гэж мэдээлсэн Тавантолгойгоос илэрсэн метан буюу байгалийн хийн орд багадаа 526 сая ам.долларын үнэтэй гэдгийг албаныхан урьдчилсан байдлаар тогтоогоод байна. 51 тэрбум шоо метр буюу 40 сая тонн байгалийн хийн нөөцтэй энэ ордыг жилдээ 28 мянга орчим тонн байгалийн хий ашигладаг Монгол Улсыг яг энэ хэрэглээрээ 1700 жил ашиглана гэж ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлсэн.

Ямартай ч, энэхүү байгалийн хийн ордыг ашиглахаар байгуулсан Монголын “Эрдэнэс таван толгой”, “Элгэн” болон Өмнөд Солонгосын “Korea Gas” компаниудын хамтарсан туршилтын үйлдвэрийн нээлтэн дээр төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” компани урьдчилсан тооцоогоо тогтоогдсон 51 тэрбум шоо метр нөөцийг онолын хувьд хоёр дахин их байх боломжтой гэж мэдэгдэж Оросын хэвлэлд гарсан 1700 жилийн нөөцийг 3400 жил болгосон. Юутай ч, өнгөрөгч 7 сарын 24-нд туршилтын үйлдвэр байгуулагдаад буй тэрхүү ордыг Улаанбаатартай холбохоор төлөвлөж, хийн хоолой тавихаар болсноо албаныхан мэдэгдсэн. Тэд мөн ийм хоолой тавьснаар Улаанбаатарт жилдээ 1 сая тонн байгалийн хий нийлүүлнэ гэв.

Тэгэхээр 40 сая тонны нөөцтэй тэрхүү орд нийслэл хотыг 40 жил хангана гэсэн үг. Хэрвээ төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” компанийн мэдэгдсэнчлэн нөөц нь онолын хувьд хоёр дахин нэмэгдвэл Улаанбаатар хотыг 80 жил хангана. Мөн 526 сая ам.долларын үнэтэй хэмээгээд буй 40 сая тонны нөөц нь хоёр дахин нэмэгдэж 1052 сая ам.доллар буюу 1 тэрбум ам.долларын үнэд хүрч мэдэх юм. Гэхдээ 1 тэрбум ам.доллар ч бай 80 жил ч бай хөөс болон замхардаг хий хоосон мөрөөдөл байх талтай. Учир нь хийн хоолой тавих энэ ажлыг сонгох уу аль эсвэл цөмийн цахилгаан станц барих уу гэдэг асуудал Монгол Улсад тулгарна.  

Байгалийн хий юу цөмийн цахилгаан станц уу  

  
21 дүгээр зуунд цахилгааны хомсдолд орж, энэ асуудал нь гамшгийн хэмжээнд хүрсэн ганц улс нь бараг Монгол байх. Африкийн хэдэн орныг оролцуулахгүйгээр тайван замаар хөгжиж буй ардчилсан орнууд дотроо шүү дээ. Олон улсын янз бүрийн салбарыг хамарсан олон ч судалгаанд дундуур байр эзэлдэг Монгол Улсыг гайгүй байгаа мэтээр ойлгодог ч үнэндээ Монгол улсын ард бичигдсэн орнууд гол төлөв Африкийн хэдэн орон л байдаг.

Аливаа улсын хөгжлийн гол суурь нь байнгын ажиллагаатай тасралтгүй хангах цахилгаан байдаг. Харин бүхэл бүтэн тусгаар тогтносон улс атлаа нийслэл хотынхоо төв хэсэг, тэр ч бүү хэл төрийн ордонд хүртэл цахилгаан тасалддаг Монгол Улсад эрчим хүчний асуудлыг нэн тэргүүнд шийдэх цаг нь болсон. Тиймдээ ч цөмийн цахилгаан станц хэмээн ярих болсон Монгол Улсад эрчим хүчний шинэ эх үүсвэр болсон байгалийн хийн нөөц илрэв. Тиймдээ ч Улаанбаатар хотыг холбохоор сэтгэж байна. Гэхдээ хийн хоолой тавих энэхүү ажил багадаа л хэдэн жилийн хугацаа шаардах биз. Нөгөө талаас 2017 онд цөмийн цахилгаан станц байгуулахаар ОХУ-тай тохиролцоонд хүрээд буй Монгол Улс ойрын хугацаанд аль нэгнийг нь сонгохоос өөр аргагүй санхүүгийн хүндрэлтэй. ОХУ-ын барих Монголын анхны цөмийн цахилгаан станц Монгол Улсын хойд хил буюу ОХУ-ын хилийн ойролцоо баригдана гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэгдсэн.

Ямартай ч, цөмийн цахилгаан станц ч бай, хийн хоолой ч бай 2020 оноос наашгүй төсөөлөгдөж тэр хүртэл цахилгааны хомсдолтойгоо эвлэрч амьдрах бололтой. Монгол улсын хувьд ганц цөмийн цахилгаан станц хангалттай гэдгийг Оросын тал хэлээд байгаа. Харин Тавантолгойгоос олдсон байгалийн хийн орд нь Улаанбаатарт нь жилдээ 1 сая тонныг нийлүүлж тэр нь  ойролцоогоор 250 мВт-ын цахилгаан гаргах аж.

Албаныхан 1 сая тонны 2/3 хувийг цахилгаан станцуудад түлш болгон нийлүүлж, 1/3 хувийг гэр хороололд нийлүүлнэ гэсэн анхны тооцоог хийсэн аж. Байгалийн хийнээс нүүрс, ураны адил цахилгаан, дулаан гээд аль алиныг нь гаргаад авчихна. Гэхдээ цөмийн цахилгаан станцын түлш болсон уранаас хүчин чадлын хувьд бага ч нүүрс, ураны аль алинаас нь эрүүл мэндийн ач холбогдолтой байгалийн хийг сонгох уу аль эсвэл цөмийн цахилгаан станцаа сонгох уу гэдэг сонголт ойрын хэдэн жилд хийгдэх бололтой.   

Э.Төгс

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsengel(107.77.85.54) 2015 оны 08 сарын 26

Ene zugeer eeljit 16 onii songuuliin ajil ard tumniig daxin moligo umxuulj bgaa yria zyrag n ebluuleg muruudl tudii l bgaa ym shuu dee odoo mongolchuudaa xyyrtxaa bolimoor bna shuu kk

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 08 сарын 25

Uul uurhaigaar hudlaa chaahaa bolimoor ym neg heseg tavan tolgoi geed chaagaad baisan hudlaa uls turchdiin chou

0  |  0
ааа(202.72.246.106) 2015 оны 08 сарын 25

аль аль нь хэрэгтэй

0  |  0
Top