Г.Байгалмаа: Монгол Улс ирэх жилээс цемент экспортлохыг үгүйсгэхгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

-Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох гэрээнд гарын үсэг зурахаар болжээ-

Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаатай ярилцлаа.

-Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулахаар болсон. Энэ ажил ямар шатанд байгаа вэ?

-Засгийн газраас дундаж давхаргын иргэдийн худалдан авч буй орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувьд ипотекийн зээлийн баталгаа гаргах асуудлыг хэлэлцэн дэмжиж 256 дугаар тогтоол баталсны дагуу “Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журам”-ыг батлуулаад байна. Энэ ажлын хүрээнд есдүгээр сарын 4-нд Хөгжлийн банкнаас Сангийн яам болон Барилга, хот байгуулалтын яам, нийслэл, Монголын банкуудын холбоотой ерөнхий нөхцөл тохирох гэрээ байгуулна. Мөн Хөгжлийн банкнаас Сангийн яам, арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохиролцоод байна.

80 ам метрээс дээшгүй талбай бүхий, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг бэлнээр харилцах дансанд байршуулан төлж, ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд үнийн дүнгийн 20 хүртэлх хувьд Засгийн газраас баталгаа гаргах юм.

-Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ үед нэг салбарт 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгаа гаргах нь ямар ач холбогдолтой вэ?

-Зөвхөн нэг салбарыг бус иргэдээ ч дэмжиж байгаа хэрэг л дээ. Барилгын салбарыг дэмжих замаар иргэдийнхээ орон сууцны нөхцөлийг сайжруулж, инженерийн шугам сүлжээтэй тохилог орон сууцанд амьдарч байгаа хүн амын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. Өнөөдөр барилгын салбар эдийн засагт том байр суурь эзлэх болсон. Гэтэл орон сууцны борлуулалт буурснаар олон компани, ажилчин орлогогүй болчихоод байгаа. Эдгээр асуудлыг шийдэх боломж олгох юм.

-Нийслэлийн орон сууцны корпорац байгуулах гэж байгаа. Тус байгууллагын үйл ажиллагаа Төрийн орон сууцны корпорацынхтай хэрхэн уялдах вэ. Төр өөрөө хямд барилга барьж, барилгын үнийг бууруулж байна гэх шүүмжлэл гардаг шүү дээ?

-Төрийн орон сууцны корпорац нь хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой.

Орон сууцны үнийн хөөсрөлийг багасган, иргэдэд орон сууцыг зах зээлийн ханшаар борлуулах боломжтой гэдэг жишгийг үзүүлэх зорилгоор ТОСК “Буянт-Ухаа-1” хорооллыг ашиглалтад оруулсан. Хоёрдугаарт, дунд буюу дундаас доош орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилготой. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид, залуу гэр бүл, ахмад настан иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа хэрэг юм. Ийм чиглэлээр одоо “Буянт-Ухаа-2” хорооллын эхний ээлжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

ТОСК-аас орон сууц бариулах тендер зарлахад маш олон компани оролцож, цөөн хэд нь шалгараад бусад нь буцдаг шүү дээ. Тиймээс тэр олон компаниудыг ажлын байраар хангах боломж НОСК-д байж болно. Үүнийг дагаад ажлын байр ч нэмэгдэнэ. Нийслэл хотоо, нийгмээ хөгжүүлэх нэг том гарц гэж харж байгаа байх.

Ийм чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах ТОСК байгуулагдсан. Жилдээ арван мянга гаруй орон сууц барих хүчин чадалтай. Орон сууц барих ажлыг нэмэгдүүлж, эрчимжүүлэх шаардлага бий. Үүний тулд бүх төрлийн санхүүгийн эх үүсвэрийг ашиглах хэрэгтэй. Нөгөө талаар хуучин орон сууцыг шинэчлэх ажлыг зохион байгуулна. Мөн нийслэлийн орон сууцнуудыг дулаалах ажлыг хийх хэрэгцээ байна.

Инженерийн шугамуудыг шинэчлэх ажил ч тулгамдсан асуудал болчихлоо. Гэвч энэ бүхнийг зохион байгуулах бүтэц үнэндээ манай нийслэлд алга. Тиймээс нийслэл хот маань өөрөө орон сууцны корпорацтай байх шаардлага бий болсон юм. Нийслэлийн орон сууцны корпорац байгуулан есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулах талаар яригдаж байгаа.

Мөн алслагдсан дүүргүүдээ бүсээр нь хувааж, тодорхой чиглэлээр (үйлдвэрлэлийн, оюутны хотхоны) хөгжүүлье гэж байгаа. ТОСК, НОСК-ын хоорондын уялдаа мэдээж байх ёстой. Инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний хувьд ч тэр.

-Барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад хэрхэн анхаарч байна вэ?

-Одоо барьж буй барилгуудын дийлэнхийг гадаадын хөрөнгө оруулалтын оролцоотой бүтээн байгуулж байгаа. Салбарын яамны хувьд шинэ дэвшилт технологийг сурталчлан, харилцан ашигтай хамтран ажиллах түншлэлийг нь ойртуулах зорилгоор үзэсгэлэн яармагийг барилгын ажил эхлэх, дуусах үед буюу хавар, намар зохион байгуулдаг.

Ер нь барилгын салбарт хөрөнгө оруулж буй хөрөнгө оруулагчдын 70-80 хувь нь урд хөршийнх байдаг. БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран барилгын салбарын форумыг жил бүр зохион байгуулж, бизнес эрхлэгчдийг холбох үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үр дүнд нь олон компани хамтран ажиллах гэрээ хэлцэл хийж, хэрэгжиж эхлээд байна.

Барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулалт жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүнийг сүүлийн гурван жилд ашиглалтад орсон орон сууцны барилгын тооноос харж болно. Өмнө нь улсын хэмжээнд жилд нийт 12-13 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулдаг байсан бол сүүлийн жилүүдэд 25 мянгаас буурахгүй болсон.

Өнгөрсөн онд 25 мянган айлын орон сууц ашиглалтад оруулсан. Тэгвэл энэ онд улсын хэмжээнд дээрх тоо 34-35 мянгад хүрч өсөх төлөвтэй байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар бүх салбарт хөрөнгө оруулалт татах таатай боломж бүрдсэн тул хэрэгжилтийг нь хангаж ажиллахад анхаарч байгаа.

-Шилдэг технологи, ноу-хау нэвтрүүлэх тухайд юу гэх вэ. Манайд барилгын ажил өвөл зогсчихдог. Үүнийг шийдэх боломж хэр байдаг юм бол?

-Дээрх дурдсан үзэсгэлэн яармагийн үеэр маш оновчтой, сонголттой, технологийн шийдлүүдийг оролцогчдод санал болгодог. Монголд орж ирж буй шинэ дэвшилт технологиийг Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн, манай нөхцөлд таарч тохирох, нэвтрүүлэх эсэхийг хэлэлцэж, стандарт, норм, дүрмийг нь баталдаг. Мөн манай яам Стандартчилал, хэмжил зүйн газартай энэ тал дээр нягт хамтран ажилладаг. Шинэ дэвшилт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг тогтмол хийж байгаа.

Барилгын салбар бол улирлаас хамааралтай салбар. Гэтэл өвлийн улиралд сул зогсдог ажилчид, компаниудыг “эргэлтэд оруулах” ёстой. Иймээс ч угсармал хийц бүтээцийн барилгыг судлан нэвтрүүлж, өргөнөөр ашиглах болсон. Энэ нь хийц бүтээцээ зураг төслийн дагуу өвөл үйлдвэрлээд, дулаарахаар угсралтын ажлаа эхлүүлэх боломж олгоно.

Ер нь барилгын салбарыг улирлын хамаарлаас гаргах, салбарын ажилчдыг тогтвор суурьшилтай, мэргэжлийнх нь дагуу ажиллуулах боломж бүрдүүлэхээр судалж, ажиллаж байна. Манайд канад модон каркасан барилгын технологи болон олон төрлийн угсармал барилгын үйлдвэрлэл нэвтрүүлсэн нь үр өгөөжтэй байна.

-Барилгын салбарт ашиглаж буй материалыг дотоодоосоо хангах тухайд салбарын яам ямар бодлого баримталж байна вэ?

-Орон сууцны үнэ хямд байх нь чухал ч чанартай байх ёстой. Газар хөдлөлтийн идэвхжил жил бүр өсөж байгаа энэ үед газар хөдлөлтөд тэсвэртэй, чанартай барилга байгууламж барих стандарт, дүрэм мөрддөг. Иргэд “Орон сууцны ам метрийн үнийг буулгамаар байна” гэдэг хүсэлт, шаардлагыг байнга тавьдаг.

Манай улс дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүйгээр орон сууцны үнийг хямдруулах, барилгын чанар, аюулгүй байдлын тухай ярих боломжгүй. Салбарыг улирлын хамаарлаас гаргах, Замын-Үүдэд барилгын материалын “бөглөрөл” дахин үүсгэхгүй байхаар сүүлийн хоёр жилд бодлого хэрэгжүүлсэн. Барилгын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох цемент, арматурыг дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг болох зорилго тавьж ажиллалаа.

Улмаар ирэх оноос цемент импортлохгүй болох хэмжээнд үйлдвэрүүдийг өргөжүүлж чадсан. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Төв аймгийн Сэргэлэн сум дахь Улааны цементийн үйлдвэр, МАК-ийн гээд цементийн цөөнгүй үйлдвэр ашиглалтад орсноор импортыг бүрэн орлуулж чадна. Хэдийгээр энэ жил тодорхой хэмжээгээр импортлож буй ч магадгүй ирэх жилээс экспортлох боломжтой болохыг үгүйсгэхгүй.

Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлогоор ашиглалтад оруулсан үйлдвэрүүдийг хамгаалах зорилгоор импортын цементийн гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмнэ. Импортын татварын хэмжээ таван хувь байсан бол 20 хувь болгох юм.

Нөгөө талаар дотоодын хэрэгцээг хангасан үйлдвэрлэлийн түүхий эд, тоног төхөөрөмжийн гааль болон НӨТ-ыг тэглэх чиглэлд ажиллаж байна. Энэ мэтчилэн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, барилгын материал, орон сууцны үнийг тогтвортой барих бодлогыг шат дараатай хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BARILGACHIN GAR(202.179.20.127) 2015 оны 09 сарын 03

ene huuhen odoo barilga barij medeh uu... Yadaj barilga bariad uzchihsen huneer saidaa hiilgehgui... Ajliig bieree hiij baij l mederne sh de

0  |  0
Top