Эрхэм хууль тогтоогчдын хийсэн бантан буюу Өршөөлийн тухай хуулийн эргэн тойронд үргэлжилж буй “хар цагаан” хэл ам мөддөө тасрах янзгүй болоод явчихлаа. Хуулийн төслийг анх боловсруулсан Засгийн газар нь эргээд танихгүй болтол өнгө зүсээ өөрчилсөн Өршөөлийн тухай хууль хаалттай горимоор хаалганы цаана хэлэлцэгдэж батлагдсан. Энэ хууль монголчуудыг байтугай гадныхыг хүртэл гайхшруулаад авсан гэдгийг нурших юун.
Алдсан бол залруулах ёстой. Хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг энэ долоо хоногийн эхээр үргэлжлүүлэн хуралдсан УИХ ээлжит бус чуулганаар хэлэлцэж хүлээж авсан тухай тогтоолын төслөө батлаад буй. Нэгэнт хоригийг хүлээж авсан учраас хуулийн холбогдох заалтуудыг өөрчилж шинэчлэн боловсруулж батлуулах шаардлагатай. Харин энэ үүргийг Хууль зүйн байнгын хороо хэрэгжүүлэх үүрэгтэй. Хууль нь ийм. Тус хороо хоригийн дагуу тухайн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөө боловсруулж тухайн өдөр /9.15-нд/ УИХ-ын нэгдсэн чуулганд оруулах ёстой байв. Энэ өөрчлөлтийг баталсаны дараа ээлжит бус чуулган хаалтаа хийхээр төлөвлөж байсан юм. Гэвч амжсангүй.
Өршөөлийн хуулийн өөрчлөлттэй холбоотой ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар ахалж байгаа. Гэтэл тус ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчийн хоригийг илт гуйвуулж, Үндсэн хууль, Дэгийн хуулийг зөрчсөн төслийг боловсруулж батлуулахаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулж ирсэн байна. Ажлын хэсгийнхэн анх баталсан хэлбэрээр нь дахин батлуулах далд санаагаар төрийн ажилд ханджээ. Өөрөөр хэлбэл хуулийн заалтуудыг илт гуйвуулж, “Солийг сольсон нь” гэдэг шиг юм болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Ажлын хэсгийн боловсруулсан төслийг Хууль зүйн байнгын хороо, УИХ баталвал хоригийг огт аваагүйтэй адил хэрэг болно. Ийм маягаар Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулвал зөвхөн гадаад төрх нь өөрчлөгдсөн хуучин хууль хэвээрээ үлдлээ гэсэн үг” хэмээн ярилцлагадаа дурдсан байна билээ.
Ерөнхийлөгчийн хоригийг дахин тодотговол Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлд байгаа Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх замаар онц их хэмжээний хохирол иргэдэд учруулсан хэрэг, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн хүндрүүлсэн хэлбэрийг Өршөөлийн хуулийн 9.1.3-т заасан “өршөөлд хамааруулахгүй байх нөхцөл байдал”-д тусгах ёстой гэсэн агуулгаар хориг тавьсан. Харин УИХ-ын Ажлын хэсгийнхэн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д байгаа “энэ хуулийн 5.1, 9.1-д” гэснийг, мөн 7 дугаар зүйлийн 7.1-ийн “Энэ хуулийн 5.1, 9.1.3-т” гэснийг “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр” гэж өөрчлөхөөр оруулж иржээ.
Ингэснээр зүйрлэн хэлэх юм Өршөөлийн тухай өмнөх хуулинд зөвхөн шинэ хавтас нөмөргөөд доторхи агуулгыг нь хуучнаар нь оруулж байгаатай адил гэнэ.
Хэрэв Ажлын хэсгийн өөрчлөлтийг энэ чигээр нь УИХ баталвал мөнөөх 30 гаруй тэрбумын хохиролтой авлига, албан тушаалын 100 гаруй хэрэг бүгд өршөөгдөж, авлигачдын өмнө ногоон гэрэл цэлсхийх юм байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагаар одоо шалгагдаж байгаа 5000 гаруй хохирогчтой, 90 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой 116 хэрэг бас өршөөгдөнө. Ял нь 2 жилээр хасагдах байсан 18-25 насны идэр залуучууд өршөөлд огт хамрагдаж чадахгүй үлдэнэ. Бидний итгэж найдаж сонгосон эрхэм элч төлөөллүүд маань ийм л юм санаж сэдээд явж байна. Өршөөлийн тухай хуулийг ард түмэн анхнаасаа л эсэргүүцэж байсан. Тэдний хүсэл зоригийн эсрэг мөнөөх ажлын хэсгийнхэн ийн басамжилжээ. Мэдэхгүйдээ биш, үг үйлдэл хоёр нь тэнгэр газар шиг хол явдгийн нэг жишээ энэ юм даа. Ганцхан Н.Энхбаяр гэдэг хүнийг энхийн цагаан тагтаа болгохын төлөө ингэж Монгол төрийн эрхэмсэг байдлыг улан дороо гишгэж, нийгмийн наад захын ёс зүйн хэм хэмжээ рүү нулимж байгаа нь дэндүү харамсмаар. Хууль тогтоогчид нь хуулиа хулгайлаад байвал энэ оронд ямар жишиг тогтох вэ. Тэд эх орончид мөн үү.
Өршөөлийн хуулийн өнгө төрхийг анх өөрчилсөн гол авторын нэг нь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” бүлгийнхэн. Даргадаа зориулсан хууль болгож дархалж давтсан нь МАХН-аас УИХ-д суугаа гишүүд. Өршөөлийн хуулинд өөрчлөлт оруулах хэсгийн ахлагч нь Ц.Оюунбаатар. Тэр бол МАХН-ын жагсаалтаар Их Хуралд ирсэн нэгэн. Тэгэхээр энэ эрхэм Өршөөлийн тухай хуулийн ажлын хэсгийг ахлах хүн мөн эсэхэд эргэлзэж байна. Мөнөөх ярьж хэлж заншснаар “ашиг сонирхлын зөрчилтэй” харагдаад байгаа юм биш үү. Өөрөөр хэлбэл чононы хүзүүнээс мах зүүсэнтэй утга нэг харагдаад байгаа юм. Санаандгүй сонголт уу, аль эсвэл санаатай оноолт уу.
Хэрэв дээрхи ажлын хэсгийн “өөрчлөлт”-өөр хуулийг УИХ батлавал Ерөнхийлөгч дахин хориг тавих эрх бий.
Сэтгэгдэл ( 3 )
bolimoor yma urshoolin huuli bish luiwarchdiig gargah huuli l ym bn do
Z.Enhboldiin sanaatai yavuulga MAHN niilj Elbegeeg doromjilj b gaa sanaa n.. Enhbayart dolignoson tal zassan AN iin uildel..ard tumen teneg bish..
eebe chi kaplagaas 35 terbumaa olood ir 35 tcetcerleg barin mungu shvv dee.