Нийслэлийн “шилэн данс” нэг иймэрхүү гэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 24

Улаанбаатар хот гэдэг их айл. Орж гардаг нь энэ хэмжээгээрээ их байдаг биз.  Тийм ч болохоороо Сэлбийн гүүрэн дээр 70 сая төгрөгөөр нэг усан хөшигөрхүү юм мэтийг хийлгэхдээ гар татаад байдаггүй байх. Хэдхэн хоногийн өмнө Даншигийг сурвалжилсаных нь  төлөө хэвлэлийнхэнд мөнгө тараасан тухай дуулиан дэгдээд өгсөн аваагүйдээ тулаад байгаа билээ.  Лавтайяа 10 гаруй сая төгрөг гэж дуулдаж байсан. Залгуулаад НИХ-ын төлөөлөгчид гэж амны хишигтэй хүмүүс өөрсдийгөө жилд 57 сая төгрөг, дүүргийн хурлынхан нь улиралд 5 сая төгрөгөөр урамшуулдаг тухай мэдээлэл түгээд байна. Ингээд бодохоор Нийслэл гэдэг  нэг хэсэг хүмүүсийн хувьд “Саалийн үнээ" юм байна аа.  

Угтаа энэ нь татвар төлөгчдийн  мөнгө. Энэ мөнгөний ард хөлс хүч, хичээл зүтгэл, ажил амьдралын төлөөх асгарсан хөлс байгаа болохоор дэндүү үнэ цэнэтэй, эргээд эх орон, иргэддээ үр өгөөж, наалдацтай байх учиртай. Гэтэл хэдэн арван саяар нь мөнөөх  усан хөшиг шиг юм хийчихээд шүүмжлэлийн хариуд “Сонгууль дөхөж байгаа болохоор хийсэн бүтээснийг маань харлуулж байна” гэж хээв нэг хэлээд  элгээ тэврэн ихэмсэглэх нь ариун явдал лав биш байх. Аль эсвэл улс орны эдийн засаг элгээрээ мөлхчихсөн ийм цаг үед хэдэн зуун сая төгрөгөөр  “даншиг” гэх тодотголтой ялгарч тодроод байх зүйлгүй, байдаг л нэг наадмыг Засгийн газрын  тогтоосон цаг улирлын хязгаарлалтыг үл тоомсорлон хийх нь эх оронч сэтгэлийн илэрхийлэл мөн үү.  Хийж болох ч хэзээ, яаж хийх вэ гэдэг нь нүдээ олсон сонголт баймаар. Тэгээд ч аливаа зүйл цагаа олохоор л гоё харагддаг шүү дээ.

Хотын ажил холдоод явчихлаа гэдгийг олон хүн хэлдэг сануулдаг. Тэр бүхний хариуд улстөржсөн хариулт ирдэг нь  харамсмаар. Хийсэн ажил харлууллаа гэнэ, сонгууль угтсан хар пиар гэнэ. Хийсэн бүтээснийг тань үгүйсгэхгүй. Гэр хорооллын гэрэлтүүлэг, үндэсний үйлдвэрлэгчдээсээ худалдан авалт хийдэг болсон, нийтийн тээврийн смарт карт, Авто худалдааны шинэ төв гэхчлэн иргэдийн талархал хүлээсэн ажлууд бий, бий. Гэхдээ л дэндүү их итгэл хүлээлттэйгээр Хотын шинэ удирдлагуудаа тосон авч байсан нийслэлчүүдийн хувьд “их санасан газар” гэгч болж хувираад байна.  

Учир нь Баатар даргын анх амалж хэлж байсан бүхэн намрын манан шиг зугуухан сарниж эхэлсэн. Мөнөөх метро, үүнийг дагасан 150 мянган ажлын байр,  газар доорхи аварга аквариум, “G” хорооллынхныг хаус хороолол болгох, гэр хороололд очих ёстой дэд бүтэц, хашааны газар тэрбум төгрөгт хүрэх мөрөөдөл хаашаа одов.

АН-ын үед нийслэлд хийгдсэн томоохон бүтээн байгуулалт гэвэл 33 уулзварыг шинэчилсэн явдал. Үнэхээр үр дүнтэй ажил болсон. Гэхдээ энэ бол Нийслэлийн бус  Эдийн засгийн хөгжлийн яамны автортай ажил байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Бусад зам засвар, цэцэрлэгжүүлэлт, сандал, хогийн сав зэрэг бол аль ч даргын үед их бага хэмжээгээр хийгддэг  “жижүүрийн” ажил. Энэ бүхэнтэй зэрэгцэн хотын удирдлагууд нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөнд хүнийрхүү хүйтэн сэтгэлээр ханддаг тухай баримтууд дэлгэгдэж эхэлснийг дээр өгүүлсэн.

Саяхан МАН-ын гишүүн Б.Цогтгэрэлийн нийслэлийн төсөв, шилэн дансны тайлантай холбоотой асуудал хөндсөн жиргээнээс эхтэй нийслэл, ИТХ-ын төсвийн зарцуулалтын бодит байдал олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр трэнд болж байна.

Нийслэлийн засаг даргын тамгын газрын наймдугаар сарын 5.0 саяас дээш үнийн дүнтэй цалингаас бусад зарлагын мөнгөн гүйлгээг олон нийтэд зориулан зардлын төрлөөр ангилж хүргэжээ. Үүнийг уншигчиддаа дамжуулан хүргэж байна.  Та бүхэн энэ мөнгийг өөр үр ашигтай зүйл, тухайлбал бүтээн байгуулалтад  зарцуулсан бол Нийслэл хотод юу барьж байгуулж болох байсан талаар эргэцүүлнэ биз ээ.  

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уул(150.129.142.243) 2015 оны 09 сарын 24

уул овоо тахих гэсэн хачин юмаа болих хэрэгтэй.

0  |  0
Top