Үр тарианы хураалт 31.3 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 28

Улс орон даяар ургац хураалтын ажил эрчимтэй явагдаж, өнөөдрийн байдлаар 92.9 мянган га-гаас 78.9 мянган тонн үр тариа, 7.1 мянган га-гаас 80.1 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 40.7 мянган тонн хүнсний ногоо, 8.4 мянган га-гаас 10.7 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 31.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 58.9 хувьтай явж байгаа аж.

Төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн төвшинд явагдаж байгаа бол тарианы болцтой холбоотойгоор үр тарианы хураалт бага зэрэг удаашралтай явагдаж байна хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Мөн ургац хураалтын ажилд 1200 гаруй цэргийн албан хаагч, 750 оюутан залуучууд гэрээгээр ажиллаж байгаа гэнэ.

Энэ сарын 23-24-ний өдрүүдэд тариалангийн бүс нутгаар хур тунадас, уулархаг нутгуудаар цас орсны улмаас өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил түр зогсоод байгаа аж. Орон нутгаас ирүүлсэн мэдээллээр Төв аймгийн Угтаалцайдам суманд 600 га талбайн ургац мөндөрт өртсөн, Булган аймгийн Сэлэнгэ сум, Дархан-Уул аймгийн Шарын гол, Төв аймгийн Цээл сум орчмоор талдаа таван см хүртэл цасан бүрхүүл тогтож хайлсан байна.

Мөн энэ жилийн хувьд есдүгээр сард цаг агаар тогтворгүй, хур тунадас ихтэй байгаагаас үр тарианы ургацын хаягдал нэмэгдэх магадлалтай байгаа талаар тариаланчид мэдээлж байна. Тиймээс тариаланчид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтын уян хатан арга технологийг сонгож аль болох хаягдал багатайгаар ургац хураалтын ажлыг шуурхайлах шаардлагатай байгааг салбар яамнаас анхаарууллаа.

Түүнчлэн Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 26, 29-нд тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж салхи ихтэй байхын зэрэгцээ шөнөдөө 0-5 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа тул ургацыг хөлдөж хайрагдахаас хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэйг сануулав.

Улмаар энэ сарын 29-30-нд нийт нутгаар бороо, нойтон цас орж хүйтрэх төлөвтэй байгааг орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгжийн захирал болон тариаланчдад анхааруулж холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх хэрэгтэйг ч анхаарууллаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top