Хөрөнгө оруулагчдын хөрсөн сэтгэлийг бүлээсгэж чадахгүй нь

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 29

Монголын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтаар цангачихаад туйлдаж байна. Нэгэн цагт тэрбумаар тоологдож байсан хөрөнгө оруулалтын хэмжээ эдүгээ бүр хасах руу орчихсон. Үүний үр дагавар болсон ханшийн уналтанд иргэд хармай халаасаа сэгсэрч, валютын ханш 2000-ын босгыг давчих гээд сандаргаж байна. Улсын эдийн засгийн идэвхи эрчим үндсэндээ зогсчихсон. Засгийн газар нь цалин хөлс танаж хасах тухай яриад сууж байна.

Хэдийгээр дэлхий хавтгай болж,  харилцан хамаарал их болсон ч ийм урагшгүй дүр төрх Монголд л байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд толгойтой бүхэн нь гадаад явж хөрөнгө оруулалт, мөнгө царайчилж байгаа ч болж бүтсэн зүйл үгүй. Хэн ч бидэнд итгэхгүй байна.   Ярьснаа маргааш нь мартдаг, хууль тогтоомж нь тогтворгүй, хүссэн нь Засгийн газраа унагаж байдаг, улс төрчид нь авлигад идэгдсэн гэхчлэн бидэнд хаяглагддаг  таагүй хандлагууд Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын замд хөндөлсөлдөг. Хөрөнгө оруулагчдын зүгээс манайд ямар хүсэлт тавьж байгааг тодруулахад  “Тогтвортой байдал” гэжээ. Хэн нэгэн эсвэл хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө төрөөр тоглохын балаг ингэж ирж байна.  

Ярьснаа маргааш нь мартдаг, хууль тогтоомж, Засгийн газар нь тогтворгүй, улс төрчид нь авлигад идэгдсэн гэхчлэн бидэнд хаяглагддаг таагүй хандлагууд Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын замд хөндөлсөлдөг.

Харин манай эрх баригчид урагшгүй бүхнээ бусдаас, тэр дундаа гадаад хүчин зүйлээс эрж хайсаар байна. Өөрийн толгой дээр байгаа тэмээг хараагүй хэрнээ өрөөлийн толгой дээрхи тэвнийг харав гэгчээр. Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ унасан, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан нь Монголын эдийн засгийг унагачихлаа. Тэгснээс бид үзүүлээд өгөх байсан юм хэмээн гасалж ганихарч байна. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг л энэ байх.

Хэрэв нөхцөл байдлыг анзаарч харвал нэгэн цагт тонн нь 9000 ам.доллараас давж байсан зэсийн үнэ бараг тэн хагас шахам хувиар унаад байгаа нь үнэн. Одоо дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 6000 ам долларааас уруудчихаад байгаа. Монголын доройтлын нэг шалтгаан гээд байсан Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд урьдын адил 7.0 хувиас давах төлөвтэй байгааг саяхан мэдээллээ. Тэгэхээр урд хөршийн эдийн засаг удааширлаа гэдэг нь тийм ч бодитой дүгнэлт биш байх гээд байна.  

Зэс бол Монголын голлох экспорт. Магадгүй манай эдийн засгийн гол итгэл найдварыг энэ бүтээгдэхүүн тээж байдаг биз. Гэхдээ зах зээл бол зах зээл. Биднээс асуугаад байхгүй. Үнэ ханш нь өсч уруудана, эрэлт нь ихсэнэ багасна. Хамгийн гол нь энэ бүхнийг тооцож, үнэ унасан тохиолдолд  эрсдлээс хамгаалах сан нөөц байгуулах учиртай. Бид ингэж чадаагүй, орж ирснийх нь хэрээр хэрэглээд дуусдаг бололтой юм.  Нөгөөтэйгүүр уул уурхайгаас хамааралтай эдийн засаг гэдэг ямар айхтар эрсдэлтэй болохыг өнөөгийн дүр төрх дахин дахин сануулж буй хэрэг. Эдийн засгийг солонгоруулах тухай сайд дарга нар амаа цангатал чалчиж, зүгээр л энэ сэдвээр популизм хийж ирсний гор гарч байна. Харин хаа очиж Н.Алтанхуягийн Засгийн газрын үед үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх тал дээр дэм дэмжлэг сайн үзүүлсэн нь  эдүгээ эдийн засгийн цусны эргэлтийг бага ч атугай сэлбэж байх шиг.

 

Уул уурхайгаас хамааралтай эдийн засаг гэдэг ямар айхтар эрсдэлтэй болохыг өнөөгийн дүр төрх дахин дахин сануулж буй хэрэг

 

Улсаа тамирдуулсан нь улс төрчид болохоос ард түмэн биш. Ингэлээ гээд тэд хариуцлага хүлээхийн оронд харин ч дархлагдаж, дахин дахин сонгогдож томилогдоод явж байгаа нь Монголын улс төрийн тогтолцооны эмгэнэлтэй жишиг болжээ.

Гадаадын хөрөнгө оруулалт саарах шалтгаан аль ч үед сонгууль угтсан популист амлалтын “үр могой” байсныг хэн хүнгүй мэднэ. Манай улс 2007 онд буюу 2008 оны сонгуулийн өмнөхөн  гэнэтийн ашгийн татвар нэрээр 68 хувийн татварыг уул уурхайн салбарт бий болгосон. Залгуулаад өмнөх  сонгуулийн яг өмнө  буюу 2012 оны тавдугаар сард “Стратегийн ач холбогдол бүхий салбарт  үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуйн нэгжид  гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль” баталсан билээ.  Гадныхныг үргээсэн энэ мэт хуулиудаа хичнээн өөрчлөөд ч тэд орж ирээгүй л байна. Орж ирэх ч үгүй байх. Аливааг анхнаас нь дутуу бодож, дундуур хийсний гор гэдэг ийм их төлөөстэй байдаг  аж.

Хэдхэн хоногийн өамнө Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болох КАРЕК-ийн чуулган Улаанбаатарт болж өндөрлөсөн. Дэлхийн 26 улсын 350 орчим төлөөлөгч, олон улс болон дотоодын томоохон хөрөнгө оруулагчид оролцсон энэ чуулганаас бид их хүлээлттэй байсан ч чих дэлдийлгэх сайн мэдээ дуулдсангүй. Харин чуулганыг зохион байгуулж буй “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаас “Оюутолгой” төслийн гүний уурхайн төслийн санхүүжилтийг олон улсын банкуудтай хэлэлцэж, зээлийнхээ гэрээ хийх шатандаа явж байгаа гэсэн мэдээллийг л сонслоо. Өөр итгэж найдах юм ойрдоо дуулдах төлөвгүй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рр(112.72.13.112) 2015 оны 09 сарын 30

Нүүрс болон бусад түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унаад байгаа энэ үед гаднаас хөрөнгө оруулагч нар олж ирж өрөнд унаад яах ч юм билээ дээ.Хэн ч бидэнд туслахгүй.

0  |  0
haagii(75.161.208.149) 2015 оны 09 сарын 30

Za chi biti hutsaad ai bicheed tavisan umig ynshaad oilgo za uyn ih setguulchid um zaadin unen l um bolsin boloogui aldaataich bsan bichsen bn chi zaaval alba um shiv unshchaad biti gonginood bai uls oron chin ayul nuurleed bhd Cham met ni garchig shuumjleed yasn zavtai um chi odoo????

0  |  0
balbar(124.127.158.225) 2015 оны 09 сарын 29

Ene setguulch ner, gunshintai erkhemd... 1. Aldaagui bich! Bid unshigch, bas khereglegch shuu! 2. Setgeliin hoorloor bish, uhaalag bich.. 3. Bur bolohgui bol yadaj many meteesee asuu?! 4.Usd 2000 bolood hen? /esvel chi yu?/ sandraad baina? Khony, ukhrriin makh buuraad /1 usd= 2000 mnt/ , g.m sain taliig ny olj har!! 5. ”Ediin zasag engiineer” Yadaj ene nomiig olj unsh! Jijigheeen nom, chamd yag taarna, mongoloor orchuulsan baigaa. . 6. Daraa ny ”Ediin zasagiin” tukhai bicheerei, Erkhem setguulch, medee beltgegch, orchuulagch Tanyd amjilt khusye!

0  |  0
хххх(202.72.246.106) 2015 оны 09 сарын 29

Нүүрсний Пийбоди компани хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулж зарлага гаргачаад байхад та сонгогдсонгүй тендерт оролцсонд баярлалаа гэсэн ганц захидал илгээсэн гэсэн ийм соёлгүй байхаар чинь яаж хөрөнгө оруулагч тогтохов дээ =))

0  |  0
Top