8000 гаруй иргэн ирэх сарын 7-ны дотор өргөдлөө баталгаажуулах ёстой

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 29
Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр эхэлж, есдүгээр сарын 09-нд дууссан билээ. Тэгвэл одоогоор хэчнээн иргэн өргөдлөө баталгаажуулж авсан талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Очироос тодрууллаа.

-Цахимаар газар өмчлөх дөрөвдүгээр ээлжийн сонгон шалгаруулалт дуусаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ ээлжээр хэчнээн хүн газар өмчилж авсан бэ?

-Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн сонгон шалгаруулалтад нийт 28963 иргэн сонгогдох ёстойгоос 26302 иргэн сонгогдсон. Өнөөдрийн байдлаар өргөдөл өгөх ёстой иргэдээс 18022 иргэн өргөдлөө өгч,  ажлын явц 68.5 хувьтай байна. Өргөдөл авах хугацааг ажлын арав хоногоор тооцож, энэ сарын 23-нд дуусах ёстой байсныг 14 хоногоор нэмж сунгасан. Тиймээс өргөдлөө өгөөгүй байгаа 8000 гаруй иргэн ирэх сарын 7-ны дотор өргөдлөө баталгаажуулах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт  сонгогдсон иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өргөдөл гаргаж баталгаажуулж байгаа гэдгийг дахин дуулгая.

-Иргэд өмчилсөн газартаа ямар нэг тэмдэглэгээ, хаалт тавиагүй тохиолдолд газраа алдах эрсдэл бий юу?
-Цахим газар өмчлөлөөр сонгогдож, газартай болсон иргэд өргөдлөө тухайн дүүргийнхээ Өмч харилцааны газрын албанд өөрийн биеэр очиж, баталгаажуулах ёстой. Үүний дараа сонгогдсон газраа мэргэжлийн байгууллагаар зураг хийлгэж, цэг, тэмдэгтээ баталгаажуулна. Тэгээд тухайн газраа хашаагаа хатгаж, тэмдэгжүүлж авах ёстой. Ингээгүй тохиолдолд өөр хүмүүс ирж, тухайн газар нь өвөлжөө, хаваржаагаа барих гэх мэт тохиолдлууд  гарах магадлал өндөр.  Өргөдлөө баталгаажуулсаныхаа дараа иргэд заавал кадастрын зураг хийлгэх ёстой. Харин дараа нь нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд тухайн хүний өргөдөл батлагдан орж, Засаг даргын захирамж гарсанаар газар өмчлөх тухай шийдвэр гарах юм. Кадастрын зураг баталгаатай бүрдэж байж, тухайн иргэнд газар өмчилж авсан шийдвэр нь очих ёстой.

-Газрын гэрчилгээг нь хэзээ гардуулах вэ?
-Газрын гэрчилгээг гурван сарын хугацаанд буюу 90 хоногийн хугацаанд олгоно гэж заасан байдаг. Энэ хугацаанд багтаад шийдвэр, гэрчилгээ нь гарна.

-Газар өмчлүүлэх шийдвэрээс хамтран өмчлөгчийн нэрээ хасуулаагүйн улмаас олон иргэн цахим газар өмчлөлийн сонгон шалгаруулалтад оролцож чадахгүй тохиолдол гарч байна. Хамтран өмчлөгчийн нэр хасуулахдаа хаана хандах ёстой вэ?
-Иргэн хамтран өмчлөгчийн нэрээ хасуулах хүсэлтээ эхлээд тухайн дүүргийн Газрын албанд гаргана. Улмаар дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь хүсэлт, материалыг бүрдүүлэн НӨХГ буюу НЗД-д өгнө. НЗД нь өмнө нь гарсан шийдвэрээс хамтран өмчлөгчийн нэр хасах тухай  шийдвэр гаргаж, НӨХГ-аас иргэнд уг захирамжийн хуулбарыг олгодог. Харин иргэн УБЕГ-т хандаж, хамтран өмчлөгч хасуулсныг улсын бүртгэлд бүртгүүлснээр гэр бүлийн бусад гишүүд газар үнэгүй өмчлөх эрхтэй болно.

-Тэгвэл иргэд хүсэлт гаргахдаа анхаарах зүйлсийн талаар та хэлж өгөхгүй юу?
-Хүсэлт гаргасан иргэн шийдвэр гарсан эсэхийг дүүргийн Өмч харилцааны албаны газар өмчлөлийн мэргэжилтнээс лавлаж, шийдвэр гарсан тохиолдолд нийслэлийн Өмчийн харилцааны газрын архиваас нийслэлийн Засаг даргын захирамжийн баталгаат хуулбарыг гаргуулан авах ёстой. Өргөдлийн маягтад хавсаргах материалын жагсаалтыг бичсэн байдаг юм. Түүнийг сайн уншаад, материалаа бүрэн бүрдүүлж газрын харилцааны албаны мэргэжилтэнд өгснөөр олон дахин нааш цааш явахгүйгээр шийдвэр гаргуулах боломжтой.

-Хэрвээ тухайн хүнд өмнө нь газар өмчлүүлсэн шийдвэр болон кадастрын зураг байхгүй тохиолдолд яах ёстой вэ?
-Ийм тохиолдолд дүүргийн Өмч газрын харилцааны албаны архиваас шийдвэр, кадастрын зургийн хуулбарыг гаргуулан авах боломжтой байдаг. Гэхдээ эдгээр материалыг архиваас олгохдоо зөвхөн газар өмчлөгч, хамтран өмчлөгч, эсвэл тухайн иргэний итгэмжлэл бүхий хүнд л олгоно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Б.ДАВААХҮҮ


Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top