Цалингийн 30 хувь хийгээд дэд сайдуудын эргэн тойронд

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 30

Энэ оны улсын төсвийн орлого 700 гаруй тэрбумаар тасарчихсан. Оны дүнгээрээ 900 тэрбум төгрөгөөр тасарна гэсэн тооцоог Сангийн яам хийжээ. Тэгэхээр ойрын үед төсөвтөө тодотгол хийхээс өөр аргагүй. Ингэлээ гээд мөнгөтэй болчихгүй ч орж ирсэн хэдийгээ хаана юунд зарцуулахав гэдгээ тодотгоно гэсэн үг.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Шийдлийнхээ цагаар Сангийн шинэ сайд Б.Болортой уулзаж төсөв мөнгөний талаар ярилцсан. Энэ үеэр хөндөгдсөн гол асуудал гэвэл төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнуудын ирэх гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах, бензин шатахууны татварыг нэмэгдүүлэх тухай байв. Цалин хөлсийг бууруулах, татвар нэмэх дээрээ тулна гэдэг бол нөхцөл байдал хүндэрч, арга мухардаж байгаагийн наад захын жишээ байх. Ингэлээ гээд хөрөнгө мөнгөний асуудлыг шийдчихгүй ч гэсэн далайд  дусал болох нь гарцаагүй.

Цалингийн энэхүү таналтад  зөвхөн өндөр албан тушаалтнууд хамрагдаж байгаа. Тодруулбал, Төрийн албаны тухай хуульд  дурдснаар бол төрийн өндөр албан тушаалтнууд гэдэгт 224 хүн багтаж байгаа.  Эдгээрийн гурван сарын цалинг 30 хувь бууруулахад 2.0 тэрбум төгрөгийн хэмнэлт гарахыг  Сангийн яамныхан тооцож тодотгожээ.  Өөрөөр хэлбэл дээрхи 224 эрхмийн хүн тус бүр нь дунджаар 8.9 сая орчим төгрөгөөр цалингаа  бууруулж “бүсээ чангалах” юм байна. Энэ нь манай олонхи иргэдийн 3 жил гаруйн тэтгэврийн хэмжээтэй дүйцэж байгааг анзаарахад бага мөнгө биш аж.

Нэг дэд сайд жилдээ 34.7 сая төгрөгийн зардалтай гэсэн тоо баримт тэр үеэр дуулдаж байсан. Хэрэв энэ жишгээр тооцвол одоо байгаа 17 дэд сайд жилд нийтдээ төсвөөс 590 сая төгрөг зарцуулдаг гэсэн үг.

Цаг ингэж ингэж хүндэрч, цалин тэтгэврээ тавьж чадахгүйдээ хүрсэн үед  онцын шаардлаггүй орон тоог хэмнэх нь бас нэг гарц баймаар харагдаж байна. Онцын шаардлаггүй,  байлаа гээд анзаарагдаггүй, байхгүй гээд үгүйлэгдэггүй  олон албан тушаалтнууд бий. Тэдгээрийн нэг нь дэд сайдууд.  Зүгээр л нэг улс төрийн албан тушаалтан.  Өнгөрөгч өвлийн нэгдүгээр сард  Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг  хэлэлцэх үеэр дэд сайдын албан тушаалыг хассан ч маргааш нь Ч.Сайханбилэг гомдол мэдүүлснээр дахин бий болгосон билээ.  Тэрбээр УИХ-ын чуулган дээр  энэ тухайгаа “Асуудал нь 17 хүний цалин мөнгө дээр байгаа юм бишээ.  Энэ бол зөвхөн нэг уулын оройн хэсэг. Үүнйиг бол бүх шатандаа бид үргэлжүүлж явна. Ийм учраас нэг учраас  саналаа гишүүд маань татаад авчихвал зүгээр байна ” гэж байсан юм. Ерөнхий сайдын тэр үгнээс  төрийн байгууллагуудад тодорхой хэмжээний цомхотгол явагдах нь гэж ойлгосон ч “мөсөн уулын орой”  тэгсхийгээд мартагдсан билээ.

Тэр үед Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэд сайдуудын орон тоог хасах асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж дэд сайдуудын орон тоо байх шаардлагатай, хасагдвал Үндсэн хууль зөрчигдөнө гэснээр дэд сайд сайдын суудлыг  хууль зүйн хувьд эргүүлэн бататгасан юм.  Үүний дараа зарим яам бүр хоёр ч дэд сайдтай болсон юм даг.

Ерөөсөө дэд сайдуудаа томилохгүй, ядахад цаг сайжрах хүртэл хүлээвэл яасан юм. 1999 онд дэд сайдгүй байсан үед болж л байсан, ажил хэрэг явдагаараа явж л байсан.

Дэд сайдууд жолооч, туслах гэхчлэн өөрийн ажлын аппарадтай, нэг дэд сайд жилдээ 34.7 сая төгрөгийн зардалтай гэсэн тоо баримт тэр үеэр дуулдаж байсан.  Хэрэв энэ жишгээр тооцвол одоо байгаа 17 дэд сайд жилд нийтдээ төсвөөс 590 сая төгрөг зарцуулдаг гэсэн үг.  Энэ мөнгийг их бага гэж харахдаа асуудлын гол байгаа юм биш. Дэд сайдуудыг цомхотгосноор төсөв мөнгөөр дүүрэхгүй, бас  дундарч дуусахгүй.  Хамгийн гол нь төрийн бүтэц, хүнд сурталгүй шуурхай байдал, ач холбогдол талаасаа юм. Ерөөсөө дэд сайдуудаа томилохгүй, ядахад цаг сайжрах хүртэл хүлээвэл яасан юм.  1999 онд дэд сайдгүй байсан үед болж л байсан, ажил хэрэг явдагаараа явж л байсан.  Ингэлээ гээд Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй.

Эх орны эдийн засгийн нөхцөл байдал ийм дээрээ тулсан, жирийн иргэд нь бүсээ чангалсан ийм цаг үед дэд сайдаасаа эхлээд төсвөөс цалинждаг орон тоогоо эргэн нэг харах нь гарын доорхи бэлэн зэлэн нэг боломж юм биш үү.  

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(124.158.111.8) 2015 оны 10 сарын 01

Маш зөв шүү

0  |  0
SOKO(124.158.111.8) 2015 оны 10 сарын 01

DED SAID OGT HEREGGUI,

0  |  0
zochin(112.72.13.73) 2015 оны 09 сарын 30

ded saiguug hereggui

0  |  0
zochin(202.126.91.94) 2015 оны 09 сарын 30

ded saiduud hereeegui l gej bodoj bna da

0  |  0
зочин(202.70.43.146) 2015 оны 09 сарын 30

Маш зөв санал байна

0  |  0
зочин(202.70.43.146) 2015 оны 09 сарын 30

Маш зөв санал байна

0  |  0
Top