Мянга мянган еврейчүүдийн амийг аварсан Хятадын “Шиндлер”

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

Хятадын дипломат Хэ Феншань дэлхийн хоёрдугаар дайны үед гарцаагүй үхлийн аюул тулгараад байсан мянга мянган еврейчүүдийн амийг аварсан юм. Гэхдээ тэр еврейчүүдийг гэр орондоо нуугаагүй, бөөнөөр хорих газраас оргуулсангүй,  ажил хийлгэхээр худалдаж авсангүй. Тэр үед Хэ Феншань Австрийн Вена хотод Хятадын консулаар ажиллаж байсан жирийн нэгэн байв.

Хэ ханцуйндаа шар од бүхий таних тэмдэгтэй /Германчууд еврей нарт ийм ялгах тэмдэг зүүдэг байжээ/ тэр хүмүүст хүссэн визийг нь нууцаар олгож байв. Ингэснээр тэр мянга мянган хүний амийг аварсан юм.

...Эгэл жирийн ч гэлээ  эр зоригтой, сайхан сэтгэлтэй Хэ Феншань 1997 онд 96 насандаа таалал төгсчээ. Ахмад дипломатич энэ буурайг нас барсан тухай товчхон эмгэнэл сонины хуудаснаа үзэгдээд л өнгөрөв. Тэр үед түүний тэр их ач буяны тухай хэн ч мэддэггүй байлаа.  Хятадын “Шиндлер” энэ тухайгаа хэнд ч хэлж байсангүй. Өөрийнхөө үүх түүхийг гэр бүл эхнэр, үр хүүхэддээ ч, найз нөхөддөө ч  ярьж дуулгалгүй байсаар мөнх бүсыг үзүүлжээ.

Харин Хэ 1938-1940 онд  Вена дахь Хятадын консулаар ажиллаж байсан, энэ үедээ олон мянган еврей нарын амийг аварсан нь хожим тодорхой болсон юм. Хэдийгээр тэр эр зоригтой тагнуул, нууц ажилтан, энэ тэр биш байсан ч үзэгнийхээ үзүүрээр олон хүний амь амьдралыг аварчээ.

Тэр үед нацистад эзлэгдээд байсан Австри улсыг орхин гарахын тулд еврейчүүдэд  аль нэг гадаад орон руу гарах  виз аминд орох байв. Гэвч нөхцөл байдал эсрэгээрээ байлаа. Тэдэнд виз олгох гадаадын нэг ч дипломат байгууллага байсангүй. Харин гагц Хятадын консул Хэ Феншань л визийг мянга мянгаар нь олгож байв.  Энэхүү эрэлхэг зоригтой Хятад эр хичнээн хүнд виз олгосон, хичнээн хүний алтан амийг аварсаныг  бүрэн гүйцэд мэдэх боломжгүй. Учир нь цаг хугацаа өнгөрөхийн  хэрээр бичиг баримт гээгдэж үгүй болсоор байна. Гэвч 4000 гэсэн серийн дугаартай нэгэн виз хадгалагдан үлджээ. Үүүнээс үүдэн тооцож үзвэл түүний виз олгосон еврейчүүдийн тоо хэдийнэ мянгаас хол давсан болохыг гэрчилнэ.  “Өнөөдөр байгаа баримт нотолгооны хүрээнд Хэ Фэншанийн олгосон визийн ачаар амь гарсан хүмүүсийн тоо 5000 гаруй  болсон гэдгийг баттайгаар хэлж болох юм” хэмээн Нанжин хотын Их сургуулийн  еврейн түүх судлал судалгааны ерөнхий шинжээч, профессор  Сюй Синь ярьжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед  Польш дахь үйлдвэртээ ажиллуулахаар 1200 еврейн амийг аварсан  үйлдвэрийн эзэн Оскар Шиндлертэй адилтган  Хэ Феншань-ийг  “Хятадын Шиндлер” хэмээн нэрлэж байгаа нь зүй хэрэг.

Еврейчүүдэд зайлшгүй аюул заналхийлж байгааг түрүүлж мэдэрч тэдэнд бодитоор тусалсан дипломатич бол Хэ юм. Венад байсан бусад орны дипломат төлөөлөгчийн газрынхан  нацистын Засгийн газартай сөргөлдөхөөс болгоомжилж  еврейчүүдэд виз олгохоос толгой дараалан татгалзаж, тэднийг хүнлэг ёсны гадна үлдээж байв. Харин Хэ ганцаараа  бусдын амь амьдралыг өөрийн албан тушаалын карьераас дээгүүр тавьж чадсан юм.

Тэр үед Хятадын элчин төлөөлөгчийн газрын байрлаж байсан байшин  еврейн харъяалалд байв. Гэвч энэ байшинг нацистууд хураан авахад  Хэ өөрийн хөрөнгөөрөө шинэ оффис нээсэн байна. Тэр нь аль болох олон хүнийг аврах ганцхан зорилготой байлаа.

Эцгийнхээ амьдралыг 10 жилийн турш судалж байгаа Хэ-гийн охин Маньли “Аав маань  шулуун шударга зарчимч  хүн байлаа” хэмээн дурсчээ.

Аврагдах ганцхан боломж виз

Хэ-гийн еврей нарт олгож байсан визээр зөвхөн Шанхайд очиж болох байлаа. Тэр үед усан боомтын Шанхай нээлттэй  хотын статустай байв. Тэнд цагаачдад тавих ямар ч хяналт байсангүй. Хот японы армийн хараа хяналтанд орчихоод байсан үе.  Үнэндээ бол Шанхай руу ямар ч визгүйгээр очих боломж байсан. Хэрэв тийм виз хэрэггүй юм бол виз олгох хэрэг байсан юм уу гэмээр. Энэ асуулт Хэ-гийн нарийн арга ухааныг нуун дарагдуулж байгаа мэт. Гэвч хэрэг дээрээ энэ визээр заавал Шанхай явах албагүй байлаа. Хэ-гийн еврей нарт олгож байсан бичиг баримтыг  АНУ болон Паластины транзит виз авахад ашиглаж болохоос гадна бас Филиппинд зорчиж болох байв. Тиймээс Австрийн  еврейчүүдийн дунд Шанхайн визний талаар үлгэр домог шиг л юм яригддаг байв.  Алс холын Шанхай хот, айх аюулгүй боомт, энэ визээр хаашаа ч зорчиж болох тухай  яриа амаас ам дамжиж байсан юм. Энэ яриа түймэр мэт хурдан тархаж, Шанхай хотын тухай бараг л бүгд мэддэг болж, тийшээ гарахын тулд онцгой бичиг баримт шаарддаггүй болохыг сонсож дуулсан еврей нар энэ визийг аль болох хурдан олж авахыг хичээж байв.

Амьд гарагсдын үүх түүхээс

Энэхүү амь насны үнэ цэнэтэй тамга даруулсан азтануудын нэг нь Эрик Гольдштауб байв. Тэгэхэд тэрбээр дөнгөж 17 настай байсан юм. Хэ эдний гэр бүлийнхний өөр 20 хүнд виз гаргаж өгчээ.

Австри 1938 онд Германд дагаар орсны дараагаас эхлэн  Эрик Вена дахь 50 элчин сайдын яамаар явж виз хүссэн ч дандаа татгалзсан хариу сонсож байжээ. Бурханаас гуйгаад ч нэмэр болсонгүй. Харин Хятадын элчин төлөөлөгчийн газар ирэхэд нь Хэ түүнийг найрсгаар хүлээж авчээ. “Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулж, намайг тийм эелдэгээр хүлээж авахад нь би эхэндээ гайхаж билээ. Виз авахад зөвхөн иргэнийхээ паспортыг авчрахад л хангалттай. Бусдыг нь би өөрөө зохицуулна” хэмээн  найрсгаар хэлснийг  Эрик хожим нь дурссан нь буй.

Эрик Гольдштауб Канадын Торонто хотод энх тунх  сайхан амьдарч байгаад 2012 онд 91 насандаа өөд болжээ. Тэр хоёр хүү, нэг охинтой өнөр бүлийн тэргүүн байв. Шанхайн виз зөвхөн ганц Эрикийг төдийгүй түүний удам хойч үед амьдрал бэлэглэсэн юм.

Шанхай дахь еврейн суурин

Японы түрэмгийлэгчдэд эвдэн сүйтгүүлсэн Шанхай хотын айдас хүйдэс дунд еврейн 25 000 дүрвэгчид нуугдаж байлаа. Япончууд 1943 онд дүрвэгчид болон харъялалгүй хүмүүст зориулсан газрын хуваарилалт хийсэн байна. Энэхүү ядуусын хороолол руу бүх еврей нар шилжин суурьшижээ. Ердөө 1,5 квадрат км энэ газарт 25 000 еврей ариун цэврийн туйлын муу нөхцөлд амьдарч байв.  Гэсэн хэдий ч еврей дүрвэгчид бүхий л бэрхшээл хүнд бүхнийг даван туулж, амьдрал ахуйгаа хэвийн болгож, энэ  бяцхан суурингаа хөгжин цэцэглүүлж, Герман аль эсвэл Австрийн хотыг санагдуулам болсон төдийгүй  “Жижигхэн Вена” хэмээн нэрлэгдэх болжээ.

...Хэ Феншань нягт нямбай хичээнгүй нэгэн байлаа. Тэр Хятадын өрх толгойлсон эмэгтэйн ядуу гэр бүлд төрж өссөн бөгөөд харин хичээл зүтгэлийнхээ ачаар боловсрол олж,  дипломатын мэргэжил эзэмшсэн юм. Тэрбээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг  АНУ-ын  Сан-Францискод өнгөрүүлжээ.  Угийн даруу төлөв түүний нэр алдар тун санамсаргүй байдлаар түгсэн юм. Түүний  охин сэтгүүлчээр ажилладаг байсан бөгөөд эцгийгээ таалал төгссөний дараа бяцхан эмгэнэл нийтлүүлж түүндээ еврей нарыг гестапын бууны сумнаас аварсан тухай товч дурджээ. Үүнээс өөр мэдэх юм түүнд байсангүй. Харин энэ бяцхан эмгэнэл еврей нарыг хэрхэн аварсан талаархи үзэсгэлэнгийн сан хөмрөгт орж анхаарал татаж улмаар Маньли-тай холбогджээ. Энэ нь түүнийг эцгийнхээ амьдралыг нарийн нягт дэлгэрүүлэн судлах ажилд хөтөлжээ.

Хэ Фэньшань ийн нас барсныхаа дараа олны танил болж, 2000 онд Израйль улс зөвхөн гадаадын иргэнд олгодог өндөр дээд шагналыг нөхөн олгожээ. Түүнчлэн 2008 онд АНУ-ын Сенат Хэ-гийн баатарлаг гавьяаны талаар  тогтоол гаргаж байв. Дараа жил  Вена хот дахь Хятадын ЭСЯ-ны байрны хананд дурсгалын самбар байрлуулсан байна.

Товчлон авав

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baharhal(76.16.174.6) 2015 оны 10 сарын 12

Jnhene hunii amidraliin Buyn hiine gedeg ene l bah.Hichneen olon hunii amidraliig avarsan ni uneheer saihan .Saintai muutai hunii horvood iim saihan hun haan ch olon baigaasai.Mundag uhaantai hun baijee.

0  |  0
дрррр(43.242.243.189) 2015 оны 10 сарын 11

Шал инээдтэй санагдчихлаа.Эхлээд хятадууд улаан талбай дээр дэлхийн 2-р дайнд ялсан ч гэх шиг,фашизмийг ялахад тэргүүлэх байр суурьтай оролцсон ч гэх шиг тодотголтой параданд жагссан.Дараа нь нутагтаа Тянь Ань Минь-ийн талбайд японы империализмийг ялж дэлхий дахинийг аварсан ч гэх шиг парад зохион байгуулсан.Одоо болсон чинь фашистуудаас еврейчүүдийг аварсан гэж суртал ухуулга хийж байна.Дэлхийн түүхийг гуйвуулж байна даа.

0  |  0
И.ОД(103.26.195.23) 2015 оны 10 сарын 11

МУУ ШҮҮ

0  |  0
saruul(112.72.11.134) 2015 оны 10 сарын 11

Aguu buyanlag hun bj de.

0  |  0
er(43.242.243.180) 2015 оны 10 сарын 02

hytad ym chin visa zaraa bailgvidee

0  |  0
bolor(27.123.214.113) 2015 оны 10 сарын 01

tiim shu mash mundag uguumur setgeltei tuuhen gavyatai hun yum

0  |  0
Chuka(150.129.140.169) 2015 оны 10 сарын 01

Ene aguu hunii úr ach nar zsarganaa!!!

0  |  0
Enhee(78.70.145.49) 2015 оны 10 сарын 01

Hyatad hun bolgon muu hun bish gedeg bh a . Aguu hun yum a .

0  |  0
Shon(103.26.195.167) 2015 оны 10 сарын 01

Heleh vg alga.Aguu hvn bna.

0  |  0
Bi(150.129.141.245) 2015 оны 10 сарын 01

Mundag hun bjee. Yostoi l baatar bj. Evreig hden yer n avarchee

0  |  0
Bi(150.129.141.245) 2015 оны 10 сарын 01

Mundag hun bjee. Yostoi l baatar bj. Evreig hden yer n avarchee

0  |  0
Bi(150.129.141.245) 2015 оны 10 сарын 01

Mundag hun bjee. Yostoi l baatar bj. Evreig hden yer n avarchee

0  |  0
Bi(150.129.141.245) 2015 оны 10 сарын 01

Mundag hun bjee. Yostoi l baatar bj. Evreig hden yer n avarchee

0  |  0
Цог(122.201.25.46) 2015 оны 10 сарын 01

Үнэхээр бахадмаар

0  |  0
Top