С.Бямбацогт: Улс төрийн 20 нам санал нэгдсэн Сонгуулийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр тус бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт Сонгуулийн хуулийн шинэчлэлтийн талаар байр сууриа ийн илэрхийллээ.

-Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэг Р.Бурмаа гишүүнээр ахлуулан 2013 онд байгуулагдсан. Дээрх ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл дээр зарчмын байр суурь их хол зөрүүтэй байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийн нэгдсэн хуультай байя. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг хамтад нь хийе. Сонгуулийн саналын хуудсыг хар машинаар тоолно. Ялагдсан хүмүүсийн саналын тооны зөрүү ойрхон байвал хяналтын тооллого хийдэг байя гэсэн. Үүн дээр бид санал нэгдээгүй. Хууль санаачлах эрх нь 76 гишүүнд нээлттэй байгаа учраас энэ боломжоо ашиглаад УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдсэн. Бэлтгэхдээ Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 22 намыг оролцуулж хэлэлцүүлэг хийсэн. Энэхүү 22 намаас 20 нь Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжээд эцсийн боловсруулалтыг ойрын үед ирүүлэх байх. Улс төрийн 20 нам санал нэгдсэн хуулийн төслийг ойрын үед УИХ-д өргөн мэдүүлнэ. Тэгэхээр Р.Бурмаа гишүүнтэй ажлын хэсэг хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэхэд хамтад нь хэлэлцээд явах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top