АН-ын бүлэг дэд сайдын орон тоог хасахыг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

УИХ-ын намрын чуулган эхэлж өнөөдөр нам бүлгүүд хуралдаж байна.  УИХ дахь АН-ын бүлэг анхны хуралдаанаа  хийсний дараа  тус  бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар хэвлэлийнхэнд  өглөө.

Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэжээ. Тухайлбал, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонссоноос гадна ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх эсэх болон 2015 оны төсвийн тодотгол ирэх оны төсөв, мөнгөний бодлогын талаар хэлэлцжээ.

Хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ирэх оны төсөв, мөнгөний асуудлаар мэдээлэл хийжээ.

Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ирэх оны төсвийн талаар Сангийн яамнаас танилцуулсан. Үүгээр бол бүхэл, бүтэн санхүүгийн шинэчлэл хийх шаардлагатай болох юм байна. Уг мэдээллийг АН-ын бүлэг сонссоны дараа эдийн засагт хийх реформийг бүрэн сайшаасан. Ер нь реформ хийх цаг нь болжээ. Сонгуулийн эрх  ашгаа бодож уг асуудлыг хойшлуулах бус одоо яаралтай хийх ёстой гэж ярилцлаа. Батлагдах төсөв, мөнгөний бодлогыг улсын төсөвтэй уялдуулах зарчмыг баримталж байгаа. ЗГ-ын өргөн барихаар бэлдэж байгаа хувилбарыг дэмжээд явахаар болсон” гэсэн юм.

Засгийн газраас яамдыг дэд сайдгүй болгох саналыг оруулж төсвөө боловсруулсан байна. Үүнийг тус намын бүлэг дэмжиж байгаа аж. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг хавтгайруулж хасах бус улс төрийн өндөр албан тушаалтан болон төрийн захиргааны удирдлагуудын цалинг хасахыг тус бүлгийн гишүүд дэмжжээ.

Харин ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахтай холбоотой асуудлыг тус бүлэг ярилцаад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцэж, шийдвэр гарсаны дараа дахин хэлэлцэх шаардлагатай гэдэг дээр санал нэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.165) 2015 оны 10 сарын 02

АН-хан хариуцлага хүлээдэггүй дэд сайдын дэл сул орон тоо илүү юм байна гэдгийг одоо л ойлгож эхэлж байгаа юм байна. Дараачийн шат нь төрийн өмчит компаниудад сонгуулийн дараа шагналын хэлбрээр аваачиж тавьсан дэд захирал, хангамжийн хэлтэс, албадын дарга нарынхаа асуудлыг мөн авч үзэх хэрэгтэй шүү

0  |  0
Top