УИХ-ын үдээс хойшхи хуралдаан Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 02

 

УИХ-ын энэ намрын анхны нэгдсэн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаан  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Гэвч энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж цэцийн 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээс өмнө ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь цэцийн дүгнэлт гарахын өмнөхөн Үндсэн хуулийн цэцийн ойд зориулан Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 300 сая төгрөг гаргасан тухай яриа байна. Иймээс энэ мөнгийг юунд зарцуулсныг ил болгох шаардлага байгаа тул цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргаж байгаагаа хэллээ.

Тэрээр мөн энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасан юм. Учир нь өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандсан гэсэн мэдээлэл байгаа учраас энэ асуудлыг магадалж байж хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байв.

Гишүүний гаргасан горимын саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулж, энэ хугацаанд ажлын хэсэг гаргаж энд яригдаж байгаа мөнгөний асуудлыг магадалж тодруулах нь зүйтэй гэлээ.

Харин Хууль зүйн байнгын хорооны Д.Ганбат өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар цэцэд хандсан эсэх асуудлыг Улсын дээд шүүхээс тодруулахад Эрүүгийн танхимын хэдэн шүүгч асуудал тавьсан гэсэн, энэ нь хүчин төгөлдөр бус асуудал юм байна. Иймээс өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд явах боломжтой гэсэн хариулт өгсөн юм.

Дараа нь  Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын санал болгосноор  Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн дурсгалыг босч хүндэтгэв.  Үргэлжлүүлэн Өршөөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ хуулийн төслийн талаар гишүүд нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй байгаа тул ажлын хэсэг гарган асуудлыг байнгын хороон дээр эргэж хэлэлцэх шаардлагатай байгаа тул завсарлага авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж ажлын 5 хоногийн завсарлага авлаа.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс  өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор үргэлжлүүлэн хэлэлцэж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэлээ.

 Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга  хэмжээ"-ний талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм .

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top