Засгийн газрын хуралдаан ямар асуудал хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 06

 Өчигдөр хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд,

 

-Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагыг үүсгэн байгуулах тухай гэрээнд Монгол Улс нэгдэн орохыг зөвшөөрлөө. Энэ нь Хөгжиж буй болон эдийн засгийн шилжилтэд байгаа орнуудад сайн засаглалыг бий болгох, хууль дээдлэх ёсыг түгээн дэлгэрүүлэхэд туслалцаа үзүүлэх үндсэн зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм.

 

-“Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Наймардах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын Захирамжийг ажлын шугамаар гаргахаар тогтлоо.

 

-Өнгөрөгч наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 2-нд Японы Токио хотод болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцсон тухай тайланг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Чуулга уулзалтаас гарсан зөвлөмж шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангуулахыг түүнд даалгалаа.

 

-Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг салбарын сайдад даалгалаа.

 

-УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

 

-С.Магнайсүрэнг Барилга, хот байгуулалтын яамны, Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилов.

 

-З.Болдбаатарыг өөр ажилд шилжсэнтэй нь холбогдуулан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top