Төсвийн тухай хуулиудыг яаралтай хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 06
 

УИХ-ын дарга З. Энхболд өнөөдөр 2016 оны Төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцүүлэх тухай захирамж гаргалаа.

 Тодруулбал, уг захирамжид:

1. Засгийн газраас 10 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн хэлэлцэх асуудлыг тов, дарааллыг харгалзахгүйгээр Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлсүгэй.

 

2. Энэ захирамжийн 1 дэх заалтад заасан хуулиудын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд даалгасугай гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top