ХЗБХ цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 06

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.06/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

 Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн гэж үзсэн юм.

 Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... шударга ёс, ...үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн А.Бакейгаас асуулт асууж, хариулт авсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, Ө.Энхтүвшин, Ц.Оюунгэрэл нар байр сууриа илэрхийлсний дараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөхийг дэмжсэнгүй.

 Үүний дараа Байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж даргалан явуулсан. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатыг улируулан ажиллуулахаар шийдвэрлэсэн талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гишүүдэд танилцуулсан. Ардчилсан намын бүлгээр уг асуудлыг хэлэлцэх үеэр Хууль зүйн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Батзандан нар нэр дэвшин өрсөлдөж, Д.Ганбат гишүүн олонхын дэмжлэг авсан тул ийнхүү нэр дэвшүүлж байгаа хэмээн тэрбээр тодотгосон.

 Түүнчлэн Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж өөрийн нэрийг, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдоржийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж нэрээ татсанаар хоёр нэр дэвшигч үлдсэн юм.

 Нэр дэвшигчидтэй холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хуралдаанд оролцсон гишүүдийн 47.1 хувийн, Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувийн дэмжлэгийг авсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top