Н.Түвшинбаяр: Бага олимпийн нээлтийн үйл ажиллагаа сэтгэл хөдөлгөм сайхан боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 06

Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин, Афины олимпийн наадмын хүрэл медальт, Монголын жүдо бөхийн дэлхийн анхны аварга Х.Цагаанбаатар болон, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөртогоо нарын санаачлагаар зохион байгуулагдаж буй “Дарханы бага олимп-2015” өчигдөр нээлтээ хийлээ. Монгол улсын хоёр дахь том хот болох Дарханы  төв цэнгэлдэх хүрээлэнд  анхдугаар бага олимпийн нээлт ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 

Нээлтийн үйл ажиллагаанд Монголын спортын нэр алдартнуудаас гадна урлаг соёлын одод ч хүрэлцэн ирж баг тамирчдад амжилт хүслээ. Тухайлбал Монгол улсын хөдөлмөрийн баатар,  гавьяат тамирчин 1986 оны олимпийн наадмын мөнгөн медальт З.Ойдов, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Афины олимпийн хүрэл медальт  Х.Цагаанбаатар болон Монгол улсын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөртогоо зэрэг спортын алдартнуудаас гадна Дархан-Уул аймгийн удирдлагууд хүрэлцэн ирсэн юм. Харин урлаг соёлын оддоос УГЗ Д.Ухнаа, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа, СТА дуучин Жавхлантөгс, Мотив, Anemone зэрэг хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөлөө.


Бага олимпийн нээлт эхлэхэд баг тамирчдыг алдаршуулан танилцуулж, Монгол улсын төрийн далбаа болон олимпийн тугийг төв  цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол болсон юм. Энэ үеэр цугласан олны сэтгэлийг огшоосон үйл явдал болсон нь Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид ирж, олимпийн тугийг залсан явдал байлаа. Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг тэргүүтэй тамирчдыг туг залан орж ирэхэд цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон уухайлан алга ташиж байлаа. Үүний дараа наадмын ерөнхий зохион байгуулагч Х.Цагаанбаатар, М.Төмөртогоо нар нээж  үг хэлсэн юм.


Ингээд  “Дархан бага олимп-2015” наадмын нээлтийн оргил хэсэг болох бамбар асаах үйл ажиллагаа эхэллээ. Олимпийн бамбарыг Монгол улсын гавьяат тамирчин олимпийн наадмын мөнгөн медальт З.Ойдов залан цэнгэлдэх хүрээлэнд оруулж ирэн, Олимпийн аварга Н.Түвшинбаяр болон 2015 оны Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат нарт түүчээлэн хамтдаа  бага олимпийн наадмын галт бамбарыг асаалаа. Ийнхүү “Рио-2016” олимпийн наадмыг угтсан “Бага олимпоос Их олимп руу” уриатай “Дархан бага олимп-2015”  ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.
Бага олимпийн наадмын нээлтийн үеэр ирсэн зочид төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонссоноо хүргэж байна.


Х.Цагаанбаатар: Дарханы бага олимпоос төрийнхөө далбааг олимпийн тэнгэрт мандуулах олон тамирчин төрөх болтугай


МУГТ Ц.Ойдов: Ирээдүйн тамирчдыг бэлтгэх зорилгоор Х.Цагаанбаатар, М.Төмөртогоо нарын санаачлагаар энэ удаагийн бага олимп зохиогдож байна. Өнөөдөр энэ цэнгэлдэх хүрээлэнд Дарханчуудын сэтгэлийг хөдөлгөсөн залуу хойч үеийн маань спортын уухиатай сайхан үйл явдал болж байгаад баяртай байна. Ер нь цаашид манай аймаг гэлтгүй бусад аймаг, сумд бага олимпийг зохион байгуулах нь биеийн тамир спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна шинэ тамирчдыг төрүүлж, тэдний эрүүл чийрэг бие бялдрыг хөгжүүлснээр улс орны эрүүл мэндийн асуудалд ч онцгой ач холбогдолтой гэж харж байна.

 МУГТ Н.Түвшинбаяр: Өнөөдрийн бага олимпийн нээлтийн үйл ажиллагаа сэтгэл хөдөлгөм сайхан боллоо. Эхний аваргууд шалгараад уур амьсгал сайхан байна. Энэхүү бага олимп маань олон нийтийг биеийн тамир спортоор дамжуулж хөгжүүлэх, өв тэгш бие бялдартай болгох зорилгоор анх Баянхонгор аймагт Монголын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар зохион байгуулагдсан. Үүнээс улбаалан өнөөдрийн бага олимп Дархан-Уул аймагт эхэлж байна. Дараа жил Орхон аймагт зохион байгуулагдана.

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Д.Будхүү: Дархан хот 80 гаруй мянган хүн амтай. Түүний 65 хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг учраас залуучуудын хот гэгддэг.Тэр ч утгаараа хүүхэд, залуус руу чиглэсэн маш олон спортын арга хэмжээ зохион байгуулагдаж, олон арван тив дэлхийн спортын аваргуудыг төрүүлсэн байдаг. Тухайлбал, МУГТ Х.Цагаанбаатар, спортын мастер П.Өнөрбат, МУ-ын хамгийн хурдан хүүхэд н.Ариунаа нарыг дурдаж болно. Тэдний нэг Дархан-Уул аймгаас төрөн гарсан гавьяат тамирчин Х.Цагаанбаатар болон Монголын жудо бөхийн холбооны дэд тэргүүн М.Төмөртогоо нарын санаачлагаар өнөөдрийн спортын анхдугаар наадам маань зохион байгуулагдаж байна. ОЛимпийн өмнөх жилүүд гэдэг утгаараа залуучуудын спортын урмыг сэргээхээр өнөөдрийн бага олимп маань эхэлж байна. Цаашид энэхүү наадам маань ОЛимп гэдэг утгаараа дөрвөн жилд нэг удаа болно. Мөн бид спортыг хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллаж, Дархан хотынхоо Спортын ордонг байгуулах хүсэлтэй байгаа. Энэ ордонг байгуулж чадвал манай аймагт спортын олон арван томоохон тэмцээнүүд явагдах юм.

МУГТ Х.Цагаанбаатар: Дархан-Уул аймгийн бага олимп маань амжилттай сайхан зохион байгуулагдаж байна. ХАмгийн гол нь бид Дархан-Уул аймгийн ард иргэдийн дунд спортыг хөгжүүлж, бидний залгамж халаа болсон өсвөр үеийн хүүхэд залуусыг спортод дуртай болгох зорилгоор зохион байгуулж байна. Энэ наадамд маань Дарханчууд үнэхээр идэвхтэй оролцож байгаад баяртай байна.

Дашрамд дуулгахад энэхүү наадамд 21 багийн 1500  тамирчин   спортын 13 төрлөөр  295 багц медалийн төлөө дөрөв хоногийн турш өрсөлдөнө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top