”Улаанбаатар” кино наадам эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 07

“Улаанбаатар” олон улсын кино наадам албан ёсоор өнөөдөр эхэлж байна. Наадам аравдугаар сарын 7-11-ний өдрүүдэд үргэлжилнэ. Тус наадам “Олон улсын кино хөтөлбөр”, “Францын кино өдөрлөг”, “Монгол кино хөтөлбөр”, “Улаанбаатар” олон улсын кино форум гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэж байгаа юм.

Энэ удаагийн наадам Монгол кино үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд дэлхийн шилдэг Канн, Берлин, Торонто олон улсын кино наадамд шалгарсан Франц, Колумб, Исланд, Иран, Хятад, Унгар, Турк зэрэг орнуудын олон улсын ес, Монголын зургаан кино бүтээл олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ.

Аравдугаар сарын 09-11-ний өдрүүдэд болох Олон улсын кино хөтөлбөрийн зургаан бүтээл нь 2014, 2015 онд Канн, Берлин, Торонто олон улсын кино наадмын дээд болон тусгай шагналуудыг хүртсэн бүтээлүүд багтаж байгаа юм. Тухайлбал,

  • 2015 оны Берлиний олон улсын кино наадмын Алтан Баавгай шагналт Ираны найруулагч Жафар Панахи “Такси”
  • 2015 оны Канн олон улсын кино наадмын Алтан навч шагналд нэр дэвшсэн, Торонто олон улсын кино наадмын Онцлог бүтээлээр шалгарсан БНХАУ-ын найруулагч Жя Жанкэ “Уул усаа мартагсад”
  • 2014, 2015 оны Канн олон улсын кино наадмын Европын шилдэг кино төрөл, Торонто олон улсын кино наадмын Онцлог бүтээлээр шалгарсан Туркийн кино найруулагч Дениз Гамзе Эргүвен “Зэрлэг адуу”
  • 2015 оны Канн олон улсын кино наадмын Director’s Fortnight Selection хэсэгт шалгарсан Колумбийн найруулагч Сиро Герра “Аварга могойн тэврэлт”
  • 2014 оны Канн Олон Улсын Кино Наадмын Un Certain Regard шагналт Унгарын найруулагч Корнель Мундруцо “Цагаан бүрхан”
  • 2014 оны Канн олон улсын кино наадмын Un Certain Regard шагналт Исландын найруулагч Гримүр Хаконарсон “Ирэг” зэрэг уран сайхны киног нэрлэж байна.

Энэ жилийн наадмын онцлох орноор Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Франц улсыг сонгосон бөгөөд тус улсын орчин үеийн киноны уран бүтээлээс бүрдэх “Францын кино өдөрлөг”-ийг маргааш буюу аравдугаар сарын 8-нд Францын ЭСЯ хамтран зохион байгуулах ба өдөрлөгийн нээлтийн киногоор дөрвөн орны залуучуудын тухай, тэр дундаа Монгол охины тухай өгүүлэх Францын кино найруулагч Паскаль Плиссоны “Чухал өдөр” УСК нээлтээ хийх ба киноны найруулагчтай хийх уулзалт, ярилцлага зохион байгуулагдана. Мөн найруулагч Ионис Нюгегийн “Спартак ба Кассандра”, найруулагч Филипп Фоконы “Фатима” УСК тус тус гарах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top