Б.Болор: Энэ их тансаглалыг л бид зогсооё

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 07

 

Б.Болор: Энэ их тансаглалыг л бид зогсооё

Лхагва гаригийн уламжлалт “Сайдын цаг” өнөөдрийн уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна. Энэ удаагийн сэдэв үндсэндээ 2016 оны улсын төсвийн тухай байлаа.

-Төсвийн орлого дахиад хэт өөдрөг байна уу. Тавантолгойн төсөл урагшилна, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилнэ гэж тооцсон байна. Өмнө нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулна гэж тооцоолоод, тэр хэмжээгээрээ орлого тасалдаж байсан удаатай. Яг энэ алдаагаа давтаж байна уу?

-Төсвийн орлогын хувьд бид 2015 оны орлогыг 7.1 их наяд төгрөгөөр тооцож байсан. Энэ жил 6.9 их наяд байхаар оруулж ирж байна. Орлогыг нэлээд бодит хэмжээнд бууруулж оруулж ирсэн гэж үзэж байгаа. Олон улсын байгууллагуудын прогнозоор ирэх онд зэсийн үнэ 6100-6600 ам.долларын хооронд байна гэсэн тооцоолол бий. Яг үүгээр бол төсөвт зэсийн үнийг нэлээд өндөр байхаар тусгах боломж байсан. Гэхдээ бид ОУВС-ийн гаргасан тооцооллоор үнээ тогтоосон. Энэ бол доод хязгаар. Үүнээс илүү гарах бүрэн боломжтой. Оюутолгой, Тавантолгойн хувьд бид Засгийн газар, УИХ нэг зүйл дээр санал нэгдсэн гэж бодож байгаа. Энэ төслүүд явах ёстой, хамгийн гол нь зөв явах асуудал. Энэ жилийн хувьд төслүүд маань урагшилсангүй. Харин ирэх жилд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, зорилтод ч байгаа. Төслүүдээ явуулъя, Монгол Улсдаа ашигтайгаар уул уурхайгаа хөгжүүлье гэсэн. Тийм учраас төсөвлөж оруулж ирсэн. Гэхдээ төсөвт тусгахдаа өнгөрсөн жилийнх шиг өндөр төсөвлөөгүй.

-Ирэх оны төсвөөс бондын зээлэнд хэчнээн төгрөг төсөвлөж байгаа вэ? 

-Монгол Улсын төсөв сүүлийн 6-7 жил байнга нэмэгдэж, данхайж ирсэн. Дандаа алдагдалтай төсөв баталж ирсэн. Алдагдалтай төсөв батлахаар бидэнд ямар асуудал тулгардаг вэ гэхээр төсвийнхөө алдагдлыг бонд гаргаж нөхдөг. Энэ хэмжээгээрээ маш их буюу их наядаар хэмжигдэх хөрөнгийг манай төсөв идсэн байна. Цаашдаа ингэж явбал, эдийн засаг улам хүндэрнэ. Тэгэхээр бид төсвийг эрүүлжүүлэх шаардлагатай. Төсөв энэ хөрөнгийг идээд байна гэдэг чинь хувийн хэвшил рүү орох мөнгө багасаад байна гэсэн үг. Тэр хэрээр хувийн хэвшилдээ нөлөөлдөг. Тэгэхээр бид төсвөө эрүүл болгож, үүнийхээ үр нөлөөгөөр хувийн хэвшлээ хөгжүүлж, дэмжинэ. Хувийн хэвшлийг дэмжих, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг бий болгох нь бидний 1990 онд сонгосон зам шүү дээ.

-Төрийн зарим агентлаг, яамдыг нэгтгэнэ гэж байгаа. Хэчнээн төрийн байгууллага хоорондоо нэгдэх вэ?

-Монгол Улсад 180 мянга гаруй төрийн албан хаагч байна. Энэ бол хүн амын тоотой харьцуулахад ч гэсэн маш том тоо. Тэгэхээр бид зарим агентлагуудыг нэгтгэх, заримыг нь татан буулгана. Эрх үүргийг нь салбарын яаманд нь шилжүүлэх байдлаар зохицуулах боломжтой. Мөн төрөл бүрийн сан, ажлын албууд маш олноороо байгуулагдсан байна. Эдгээрийг тодорхой хэмжээнд бууруулах зарчмыг барьж ажиллалаа. Нэг жишээ гэхэд бид Гааль, Татвар хоёрыг нийлүүлж байгаа. Дэлхийн маш олон улсад орлого бүрдүүлэгч агентлаг гэж байдаг. Үүний жишгээр манай Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газар ажиллаад явах бүрэн боломжтой.

-Төрийн өндөр албан хаагчид болон улс төрийн алба хаагчдын цалинг 30 хувиар бууруулна гэж байгаа. Нэмээд багш, эмч нарын цалинг яах вэ. 2016 онд цалин нэмэх бололцоо байгаа юу?

-Ер нь аль ч улсад төсвөө баталж байхдаа ирэх жил бид цалин нэмнэ гэж ярьдаггүй. Цалин нэмнэ гэхээр зөвхөн төрийн албан хаагчдынх нэмэгддэг. Гэтэл ард иргэд рүү гарч байгаа мессеж нь бүх хүмүүсийн цалин нэмэгдчих юм шиг. Энэ хэмжээгээр инфляциа өсгөж, эдийн засгаа алдаг. Эдийн засгийн мундаг өсөлт гэж яриад байгаа тэр үед зэс, нүүрсний үнэ одоогийнхоос 2-3 дахин өндөр байсан. Үүний үр дүнд маш их мөнгө орж ирсэн. Энэ мөнгийг үр ашиггүй зарцуулсан. Цалин 10 хувиар нэмлээ гэхэд инфляци 14 хувь болох жишээтэй. 2010, 2011, 2012 онд яг л ийм жишгээр явсан. Тэгэхээр өнөөдөр бид цалин нэмнэ гэж ярилаа гэхэд эдийн засгаа л алах гээд байна. Цалин нэмэгдэнэ гэхээр хувийн хэвшилд маш том дарамт ирдэг. Тийм учраас энэ тал дээр УИХ-ын гишүүд маань ч бас их хүлээцтэй хандаж, ойлгоосой гэж хүсэж байна. Мэдээж эдийн засаг сайжраад, орлого нэмэгдээд явбал, цалин мөнгөний асуудлыг тухай бүрт нь шийдээд явах боломжтой.

-Төсвийн хөрөнгөөс хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?

-Бүтээн байгуулалтын хувьд 2016 онд 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсөв дээр тусгагдсан. Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр 450 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэхээр байгаа. Энэ бол эдийн засгийн хүндрэл байсан ч гэсэн хийх ёстой бүтээн байгуулалтууд. Бүтээн байгуулалтыг хийснээр хувийн хэвшилдээ хөрөнгө оруулах, хувийн хэвшлээ ажилтай байлгах зорилготой. Тийм учраас бүтээн байгуулалтын ажлуудыг царцааж хүндрэлээс гарна гэсэн зүйл байхгүй.

-Бондын эргэн төлөлтүүд дээр гурван их наяд төгрөг зарцуулахаар төсөвлөсөн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

 -Бондын хувьд бид тодорхой хуваарийн дагуу төлөөд явах бүрэн бололцоотой. Хамгийн гол нь бид төсвөө эрүүлжүүлж авах хэрэгтэй байна. Бид өнөөдөр 2016 оны төсөв ярьж байгаа боловч үүний хамгийн том үр нөлөөлөл нь 2017 оны төсөв дээр гарна. 2017 оны төсвийг алдагдалгүй батална. Энэ хэмжээгээрээ эдийн засаг, төсвөө эрүүлжүүлэх боломжтой.

-Агентлаг, сангуудыг татан буулгаснаар хэчнээн тэрбум төгрөг хэмнэх вэ?

 -Ер нь 2016 оны үр нөлөөлөл нь бага. Яагаад гэвэл энэ өөрөө бас зардал ихтэй ажил болно. Гэхдээ яг энэ бүтцээрээ төсвөө өргөн барьсан бол бидний зарлага 8.6 орчим их наяд төгрөг болохоор байсан. Бид 7.8 их наяд байхаар өргөн бариад байна. Тэгэхээр шууд 700 гаруй тэрбум төгрөг хэмнэгдэж байгаа. Илүү том нөлөөлөл нь 2017 онд гарна.

-2015 оны төсөв 900 тэрбум төгрөгөөр тасалдаж байна. Үүнийг дагаад зардлаа танана гэж байгаа. Зардлын таналт дээр хэрхэн ажиллах вэ?  

-Урсгал зардал дээр нэлээд том таналт хийж байна. Гэхдээ эрүүл мэнд, боловсролын салбарт таналт оруулахгүй. Дээрээс нь Хөгжлийн банкин дээр бид өнгөрсөн жил 790 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан байсан. Өнөөдрийн байдлаар 300 орчим тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор энэ жил эхлэх боломжгүй ажлуудыг 2016 он руу шилжүүлэх зэрэг зохицуулалт хийнэ. Мөн төсвийн хөрөнгө оруулалт дээр ч бас тендер нь зарлагдаагүй, ажил нь эхлээгүй ажлууд байна. Ийм ажлуудыг царцаагаад, ирэх жил рүү шилжүүлэх арга хэмжээ авна.

-6.9 их наяд төгрөг гэдэг хэмнэсэн төсөв гэж байна. Гэхдээ эх үүсвэр нь яг бүрэлдэнэ гэж харж байна уу. Хэр баталгаатай вэ?

-6.9 гэдэг бодитой тоо. Яагаад гэвэл бид 7.1 их наяд төгрөгөөр төсөвлөж оруулж ирсэн. Дээрээс нь бид томоохон төслүүдээ явуулна. Засгийн газар үүний төлөө ажиллана. Уул уурхайн бүтээгдэхүүний хувьд бид олон улсын байгууллагуудын прогнозыг авч үзээд, байж болох хамгийн багаар тооцсон. Түүнчлэн өмч хувьчлалууд явагдана. Жишээ нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар хоёр нэгдэж байна. Энэ хоёр байгууллага хоёулаа том том байшинд байгаа. Хооронд нь нэгтгэчихээр нэг том байшин сул гарч ирнэ. Үүнийг дагаад урсгал зардал хасагдана. Ингээд илүү гарсан байшинг бид зарж, борлуулъя гэж үзэж байгаа. Сүүлийн 6-7 жил Монголын төр барилгын компани шиг ажилласан. Татварын хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс бүр байшинтай. Хөдөө орон нутагт хөдөлмөрийн хэлтэс бүр байшинтай. Баахан байшин үйлдвэрлэчихсэн. Дүүргүүдийг хар. Дэлхий дээр өөр хаана ч ийм 10 давхар байшин барьдаг дүүрэг байхгүй. Энэ их тансаглалыг л бид зогсооё гэж байгаа. Тэгэхээр орлогыг бодитой гаргасан гэж үзэж байгаа. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бурмаа(103.242.47.10) 2015 оны 10 сарын 10

хэмнэх тухай буруу л яриад бна жижиг дарга нарын тансаглалыг болиулах хэрэгтэй баян өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нэртэй Шаяхмет гэгч төсвийн мөнгөөр тоглогч байна энэ ховшийг устгах хэрэгтэй

0  |  0
Монгол хүү(43.228.130.24) 2015 оны 10 сарын 09

Та хаана татвар, гааль 2 цуг байхыг үзчихэв ээ. Та нарын жишээ болгох дуртай АНУ-д Internal Revenue Service /татвар/, Customs /гааль/ гээд тусдаа л байдаг юм даа. Улсад орлого оруулах ижил зорилготой ч үйлчилдэг хүрээ нь өөр 2 газрыг нэгтгэж болох уу. Ийм холион бантан хийсэний оронд харин Эдийн засгийн өршөөл үзүүлж нийгэмд татвараа төлөхгүй байж байгаад өршөөгдчихөж болдог юм гэсэн мессэж өгөхөө болиоч ээ. Хуулийн дагуу бүгд татвараа төлдөг, татварын суурь өргөн байвал төсвийн орлого ядаж 1,5 дахин нэмэгдэх боломжтой. Мөн гаалийн татвар гаалийн байцаагчид бус төсөвт 100 хувь ордог болго.

0  |  0
зочин(202.21.117.114) 2015 оны 10 сарын 08

Улсын төсвийн, бондын мөнгийг идэж, хулгай хийж өрөнд бариулж, эдийн засаг унагаасаныхаа дараа их гоё болголоо юу, мал аа, битгий тархи угаа, ТА НАРТ ганцхан хийх зүйл байна, монголын төрөөс, засагаас хурдхан зайлж энэ орныг хөгжих замд саад болохоо боль, ард түмэн туйлдаж дууслаа, олон улсад нэр хүндгүй боллоо,

0  |  0
1(202.21.118.98) 2015 оны 10 сарын 08

ТАТВАР ТАРИФИЙН БОДЛОГОО ШУДАРГА ,БИЕЛЭХ БОЛОМЖТОЙ ТОГТОЛЦООНД ОРУУЛЖ СИСИТЕМИЙН ГАЖУУДЛЫГ АРИЛГАХ НЬ ХӨГЖЛЙИН ХАМГИЙН ЗӨВ БОДЛОГО.ХҮН БҮХЭН ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ИЛ ДАЛД ХУЛГАЙ ХИЙДЭГ БОЛЛОО.

0  |  0
zochin(202.21.118.98) 2015 оны 10 сарын 08

хэмнэх тухай буруу л яриад байна,баялагийг бүтээх тухай яриачээ,арга ядсан арчаагүй бодлго шийдвэр гаргаад баахан бужигнуулах нь,төсөвт орох ёстой маш их мөнгө хулгайлагдаж нийгэм тэр аяара хулгайч загварт орсон,ТАТВАР ТАРИФИЙН БОДЛОГОО ЗАСЧ ЗАЛРУУЛАН ХҮМҮҮС ШУДАРГААР ТАТВАРАА ТӨЛӨӨД МӨНГӨ НЬ БҮРЭН БҮТЭН ТӨСӨВТ ОРОХ ТИЙМ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЖ МУУ ҮЙЛИЙН ҮР ХИЙХЭЭС НИЙГМИЙГ ХҮМҮҮСИЙГ ХОЛДУУЛЖ ХАРИЛЦААГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ АЛХАМ ХИЙГЭЭЧ.

0  |  0
Zochin(122.201.24.108) 2015 оны 10 сарын 08

Ta hed l tansaglaad baigaa busuu boloroo ard tumen uneheer tansaglah mongo algaa erguu minee

0  |  0
77777(202.179.20.126) 2015 оны 10 сарын 07

танд баярлалаа? маргааш наад ярьсан зүйл чинь бүү өөрчиллөгдчихгүй л бол?????????????

0  |  0
хн(94.30.211.138) 2015 оны 10 сарын 07

УБ-т баригдаж байгаа олон давхар ендер ендер байшингууд ёс журмаараа,архитектор энэ тэр нь зев баригдаж байгаа гэдэгт эргэлзээд л байгаа..шинэ орсон байшингуудад ороход ямар ч агаар байхгуй...удаан суувал толгой эргээд унамаар ...агааржуулалтын систем энэ тэр байдаг юм болов уу...нэг л халуу дуугсэн...саун, ванн дотор орсон юм шиг байрнууд...арай бугдээрээ буруу бариад байдаг юм биш биз...шалгадаг газар байдаг юм болов уу..тэгээд л беен ендер унэтэй,вакум сав шиг юмнууд л баригдаад байх юм.

0  |  0
Top