Дамжин суулт үнэгүй болох уу

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 08

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд иргэд “U Money” цахим карт ашигладаг болж, автобусны маршрутад өөрчлөлт оруулсан. Үүнийг тойрсон асуудал, бухимдал өнөөдөр ч үргэлжилсээр байна. Учир нь цахим карттай болгож, автобусны эргэлтийг богиносгосноор  иргэд автобус дамжин суусан тохиолдолд сэлгэн суулт нь үнэгүй байхаар зохицуулна гэсэн билээ. Гэтэл энэ нь хэрэгжилгүй иргэд өмнө нь 500 төгрөгөөр хүрдэг байсан газраа 1000-1500 төгрөг төлж, автобус дамжиж хүрдэг болоод байгаа юм. Тиймээс иргэдээ шулсан энэ ажиллагаагаа хэзээ зогсоох вэ, сэлгэн суулт хэзээнээс үнэгүй болох вэ гэсэн асуудлыг нийслэлийн удирдлагуудад хандан асуух иргэд олон байна. 

Сэлгэн суулт хэзээнээс үнэгүй болох вэ гэсэн асуудлыг нийслэлийн удирдлагуудад хандан асуух иргэд олон байна

Тэгвэл "Улаанбаатар смарт карт" компанийнхан сэлгэн суулт тутамд нэг удаа зорчих тасалбарын үнийн 60 хувийг хөнгөлөх саналаа нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн байна. Энэхүү саналыг батлах эсэхийг Нийслэлийн удирдлагыг зөвлөлийн хурлаар өнөөдөр хэлэлцэх юм. 

 Хэрэв нийслэлийн удирдлагууд сэлгэн суултын төлбөрийн 60 хувийг хөнгөлөхөөр шийдвэл хоёр автобус дамжин ажил, гэртээ очдог иргэд 700 төгрөгийн зардал гаргах болно гэсэн үг.

Уг нь нийтийн тээврийн ухаалаг систем нэвтэрч, автобусуудын маршрут өөрчлөгдсөн эхэн үед нийслэлийн удирдлагуудын зүгээс “30 минутын дотор дараагийн автобусандаа дамжин суусан тохиолдолд үнэгүй байх хөнгөлөлт үзүүлнэ” гэж мэдэгдэж байсан.  

Үнэндээ бидний даган дуурайх, бүх зүйл нь лаг гэж боддог гадаадын улс орнуудад ч нийтийн тээвэр нь ийм жишгээр явдаг билээ. Ихэнх улс орнуудад иргэд 1-1,30 цагийн дотор хэдэн ч автобус дамжсан үнэгүй явах эрх эдэлдэг аж.

Харин манайхан ийм байдлаар явбал алдагдалтай ажиллана гэж иргэдээ хуурсаар байна. Үнэндээ нэг автобусанд суугаад 500 төгрөгөө төлөөд оччихдог байсан газраа одоо хоёр автобус дамжин 1000 төгрөгөөр зорчино гэдэг нийслэлийн зүгээс иргэдийнхээ халаасыг цэвэрхэн сэгсэрч байгаагийн илэрхийлэл биш гэж үү. Ийм цэвэрхэн дээрмээ хэзээ зогсоох вэ гэсэн хүлээлт одоо иргэдийн дунд байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.142.58) 2015 оны 10 сарын 08

Ямар болхи юм бэ. Энэ асуудалд ухаан зараад бх шаардлага бна уу. Манай херш ОХУ, тухайлбвл, Москвагаас л шууд хуулчихсан бол зовлонгуй л бутэх блаа. Тэр смарт карт ямар хэрэгтэй юм бэ. Ууний оронд 1 удаагийн карт билет л гаргавал болох бсаан. Хумуус картаа хаяна, хулгайд алдана дахин 3000 гаруй тегрегеер худалдан авна гээд огт бутэхгуй юм санаачилсан бх юм. Хэний бизнес вэ. Хэрвээ 1 удаагийн карт бий болговол, хумуус дуртай газраасаа билетээ авч уйлчлуулэх боломжтой. Бас заавал бэлэн менге авусанд орж егех шаардлагагуй. Энийг невтруулэх бурэн боломж бгаа боловч хусэл алга бх шиг бна.

0  |  0
Top