Г.Жаргалсайханыг Ц.Орхоноор солих уу

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

Зам, тээврийн сайд М.Зоригт  МИАТ-ын захирал Г.Жаргалсайханыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан бололтой. Иргэний нисэхийн салбарын удирдлагуудыг халахаар гаргаж байгаа түүний хоёр дахь шийдвэр нь энэ юм. Үүний түрүүнд буюу өнгөрсөн даваа гаригт ажлын хариуцлага алдсан хэмээн ИНЕГ-ын дарга Г.Нямдавааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Гэвч энэ албан тушаалтныг томилох халах асуудлыг Засгийн газар шийддэг, нөгөөтэйгүүр  Г.Нямдаваа нь Г.Батхүүгийн ойрын хүн гэх шалтгаанаар сайдын шийдвэр хэрэгжээгүй  байгаа юм. Харин МИАТ-ын ерөнхий захирал Г.Жаргалсайханы хувьд удам дамжсан нисэгч, энэ салбарын шилдэг мэргэжилтнүүдийн нэг гэгддэг. Түүнийг МИАТ-ын ерөнхий  захирал болоход нутаг нэгт, бие даагч гишүүн Ц.Даваасүрэнгийн оролцоо их байсан хэмээн яригддаг. Гэхдээ Жаргалсайханы хувьд эдийн засгийн энэ хүндрэлтэй цаг үед салбараа боломжийн хэмжээнд сайн авч яваа хэмээн үнэлэгддэг юм.

М.Зоригт сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МИАТ-ынхан зорчигчдодоо урьдчилан мэдэгдэхгүйгээр онгоцыг Новосибирск хотод гурван цаг саатуулсан. Хэрвээ урьдчилж мэдэгдсэн бол зорчигчид хохирол амсахгүй байсан. Берлинээс цааш дамжин нисэхээр билет захиалсан байсан хүмүүс нислэгээсээ хоцорсон. Берлинд буугаад өөр хот руу явахаар автобусны билет захиалсан хүмүүсийн ажил ч алдагдсан. МИАТ-ын төлөөлөгч зорчигчдын хохирлыг барагдуулахын тулд ямар нэгэн зохицуулалт хийгээгүй гэж байгаа. Замдаа аль нэгэн газарт бууж болно. Гэхдээ урьдчилж заавал зорчигчдодоо мэдэгдэх ёстой. Тэгээгүй учраас Г.Жаргалсайханыг ажлаас нь хална” гэж ярьсан. 

Тэр дагуу л үйл явдал өрнөж байх шиг байна.   Харин түүний оронд ямар хүн МИАТ-ын захирлаар томилогдох нь тодорхойгүй байна. Дайны эрсдлийн сангийн хэргээр ял сонсож байсан Ц.Орхон шинэ сайдын ивээлд багтаад байгаа. Ц.Орхонд зориулж МИАТ-ын ерөнхий захирлын суудлыг гаргаж өгч байж магадгүй гэсэн хар сэр явж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРАЙ ДЭНДЭНЭЭ(122.201.24.228) 2015 оны 10 сарын 09

МОНГОЛ УЛС БОЛОВСОН ХҮЧЭИЙ ЭӨӨЦГҮЙ БОЛОО ЮУ ДАА. ОРХОН ХЭРЭГГҮЙ ДЭЭ. МИАТ ЫН ЗАХИРАЛ ХИЙХ ХҮН ОЛОН БИЙ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ЗОРИГТ БОЛ ӨРД АЖИЛЛАЖ БАЙГААГҮЙ ХҮН БАЙНА ШҮҮ ДЭЭ. САЙД ГЭДЭГ ТОМ АЖИЛ ХАН УХААНТАЙХАН ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРЫГ АВААД ЯВЖ БОЛМООР ДОО

0  |  0
Top